Skip links

🏭 Дараагийн алт цуврал: ХӨНГӨН ЦАГААН ЗЭСИЙГ ОРЛОХ УУ?

2025 оны сүүлээр бид алтны зах зээлийн талаар гурван цуврал, 2026 онд “Дараагийн алт” цувралын хүрээнд зэсийн талаар дөрвөн цуврал нийтлэл уншигчдадаа хүргэсэн билээ. Эдгээр цувралаар үнэт металл болон цахилгаанжуулалтын гол металлын зах зээлийг тоймлосон бол энэ удаа хэрэглээний хэмжээгээрээ тэргүүлдэг металл болох хөнгөн цагаанд анхаарлаа хандууллаа.
Хөнгөн цагаан нь дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг өнгөт металл бөгөөд жилийн хэрэглээ нь 75 сая орчим тонн буюу зэсийн хэрэглээнээс даруй хоёр дахин их юм. Онгоц, автомашинаас эхлээд ундааны лааз, цахилгаан дамжуулах шугам хүртэл өдөр тутмын амьдралын бараг бүх салбарт энэ металл ашиглагддаг. Сүүлийн жилүүдэд зэсийн үнэ огцом өссөнөөр үйлдвэрлэгчид зэсийн оронд хөнгөн цагааныг сонгох нь нэмэгдэж, тус металлын ач холбогдол улам бүр өсөж байна. 

Тэгвэл 2026 онд хөнгөн цагааны зах зээлд юу болов, цаашид ямар төлөвтэй байна вэ?

1. Зах зээлийн гүйцэтгэл: Үнэ оргил түвшнээсээ буурч байна

Дэлхийн банкны 2026 оны 10 дугаар сарын “Commodity Markets Outlook” тайланд хөнгөн цагааны 2026 оны дундаж үнийг тонн тутамд 3,250 ам.доллар гэж тооцсон нь жилийн дунджаар түүхэн дээд түвшин бөгөөд өмнөх оноос 24 орчим хувиар өндөр үзүүлэлт юм.

Хөнгөн цагааны дэлхийн жишиг үнийг Лондонгийн металлын бирж (London Metal Exchange, LME) тогтоодог. 1877 онд байгуулагдсан LME нь зэс, хөнгөн цагаан, цайр, никель зэрэг үйлдвэрийн металлын арилжааны дэлхийн хамгийн том бирж бөгөөд энд тогтсон үнийг дэлхийн үйлдвэрлэгч, худалдан авагчид хоорондын гэрээндээ суурь үнэ болгон ашигладаг. 
Хөнгөн цагааны үнэ хавар огцом өсөж, LME-ийн 3 сарын хугацаат гэрээний үнэ 4 дүгээр сард 3,650 ам.доллар/тн орчимд хүрсэн нь 2022 оноос хойших хамгийн өндөр түвшин байв. Харин зуны сүүлээс эхлэн үнэ буурах хандлагатай болж, 11 дүгээр сарын 5-ны байдлаар мөн гэрээний үнэ 3,097 ам.доллар/тн, бэлэн нийлүүлэлтийн үнэ 3,160 ам.доллар/тн байна. Үнэ буурсан хэдий ч бодит нийлүүлэлт хязгаарлагдмал хэвээр байна. Тухайлбал, LME-ийн агуулахын нөөц 10 дугаар сард 1990 оноос хойших хамгийн бага түвшинд хүрчээ.

2. Үнийн өсөлтийн шалтгаан: нийлүүлэлтийн тасалдал

2026 оны үнийн өсөлт нь эрэлтийн өсөлтөөс бус, нийлүүлэлтийн тасалдлаас үүдэлтэй. Дэлхийн хөнгөн цагааны үйлдвэрлэлийн талаас илүүг Хятад улс дангаараа эзэлдэг.

📌Эх сурвалж: АНУ-ын Геологийн алба (USGS), Mineral Commodity Summaries 2026

Персийн булангийн орнууд (АНЭУ, Бахрейн, Катар, Саудын Араб, Оман) нийлээд дэлхийн үйлдвэрлэлийн 9 орчим хувийг эзэлдэг ч АНУ, Европ, Японы импортын гол эх үүсвэр болдог. 2026 оны 3 дугаар сарын сүүлээр Ойрх Дорнодын мөргөлдөөний үеэр АНЭУ болон Бахрейн дахь томоохон хоёр үйлдвэр цохилтод өртөж, Хормузын хоолойгоор дамжих тээвэрлэлт тасалдсан. Олон улсын хөнгөн цагааны хүрээлэн (IAI)-гийн мэдээгээр тус бүс нутгийн үйлдвэрлэл 5 дугаар сард өмнөх оны мөн үеэс 35 хувиар буурсан байна.

Бусад үйлдвэрлэгч орнууд энэхүү алдагдлыг нөхөж чадаагүй. Хятад улс засгийн газраас тогтоосон жилийн 45 сая тонны дээд хязгаартаа аль хэдийн хүрсэн тул үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжгүй байв. Харин Европын хувьд гол хязгаарлалт нь эрчим хүчний өртөг юм. Хөнгөн цагаан хайлуулахад цахилгаан зарцуулалт их байдаг бөгөөд цахилгааны зардал нийт өртгийн 40 орчим хувийг эзэлдэг байна. Иймээс цахилгааны өндөр үнэ Европын олон үйлдвэрийг бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болгож байна.

  1. Эрэлт ба зэсийг орлох боломж

Хөнгөн цагааны эрэлт тогтвортой боловч өсөлтийн хурд харьцангуй удаан байна. McKinsey-ийн тооцоогоор 2035 он хүртэл дэлхийн эрэлт жилд дунджаар 2 хувиар өсөх төлөвтэй. Хөнгөн цагааныг голчлон барилга, тээвэр, сав баглаа боодол болон цахилгаан дамжуулах шугамд ашигладаг.
Эрэлтийн талаас анхаарал татаж буй гол хандлага нь зэсийг орлох явдал юм. Хөнгөн цагааны цахилгаан дамжуулах чанар зэснээс доогуур боловч үнэ нь дөрөв дахин хямд, жин нь гурав дахин хөнгөн байдаг. Салбарын төлөөлөгчдийн үзэж буйгаар зэсийн үнэ хөнгөн цагааныхаас 3.5–4 дахин давсан үед компаниуд хөнгөн цагаан руу шилжих асуудлыг авч үзэж эхэлдэг. Энэ харьцаа 2026 оны 1 дүгээр сард 4.3 болж түүхэн дээд түвшинд хүрсэн байна.
Орлуулалт хэд хэдэн салбарт аль хэдийн хэрэгжиж эхэлжээ. BMW, Ferrari зэрэг автомашин үйлдвэрлэгчид кабельдаа, Daikin компани агааржуулагчдаа хөнгөн цагааныг өргөнөөр ашиглах болсон. Хятадад нэг агааржуулагчид ногдох зэсийн хэмжээ 2000 онд 12 кг байсан бол өдгөө 4 кг болж буурсан байна. Гэвч өндөр хүчдэлийн кабель зэрэг гүйцэтгэлийн өндөр шаардлагатай салбарт хөнгөн цагаан зэсийг бүрэн орлох боломжгүй хэвээр байна. Иймээс дээрх хязгаарлалтыг үл харгалзан орлуулалтын хандлага цаашид үргэлжлэх магадлал өндөр байна.

  1. Цаашдын төлөв

Шинжээчдийн дийлэнх нь 2027 онд хөнгөн цагааны үнэ бага зэрэг буурна гэж үзэж байна. Үүний гол шалтгаан нь Индонезид Хятадын хөрөнгө оруулалттай шинэ үйлдвэрүүд ашиглалтад орж, Персийн булангийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргэж буй явдал юм. Ингэснээр 2026 онд ажиглагдсан нийлүүлэлтийн дутагдал 2027 онд илүүдэл болж хувирах төлөвтэй байна.

Байгууллагуудын таамаг хоорондоо нэлээд зөрүүтэй байгаа нь зах зээлийн тодорхойгүй байдал өндөр хэвээр байгааг илтгэж байна. Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдах, Хормузын хоолойгоор дамжих тээвэрлэлт дахин тасалдах, Европт эрчим хүчний үнэ өсөх зэрэг нь үнийг өсгөх эрсдэл дагуулна. Харин Индонезийн үйлдвэрүүд хүлээлтээс хурдан ашиглалтад орох, дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах нь үнийг бууруулах хүчин зүйл болно.

  1. Хөрөнгө оруулалтын хэрэгслүүд

Хөнгөн цагааны үнийг шууд дагадаг хөрөнгө оруулалтын хэрэгсэл харьцангуй цөөн. Тэдгээрээс хамгийн ойр сонголт нь Лондонгийн хөрөнгийн биржид арилжаалагддаг WisdomTree Aluminium (ALUM) юм. Тус хэрэгсэл хөнгөн цагааны фьючерсийн үнийг дагадаг бөгөөд жилийн шимтгэл нь 0.49 хувь байна. Мөн АНУ-ын биржид арилжаалагддаг Invesco DB Base Metals Fund (DBB) нь хөнгөн цагаан, зэс, цайрыг ойролцоо тэнцүү жинтэйгээр агуулдаг бөгөөд жилийн шимтгэл нь 0.75 хувь байна.
Компаниудын хувьд АНУ-ын Alcoa (AA), Century Aluminum (CENX), Норвегийн Norsk Hydro зэрэг үйлдвэрлэгчдийг салбарын жишээ болгон авч үзэж болно.

Тухайлбал, Alcoa 2026 оны 3 дугаар улиралд 483 сая ам.долларын цэвэр ашиг тайлагнасан. Эдгээр компанийн хувьцааны үнэ хөнгөн цагааны үнээс гадна цахилгааны өртөг, тарифын бодлогоос ихээхэн хамаардгийг анхаарах шаардлагатай.

Дүгнэлт

Зэсээс ялгаатай нь хөнгөн цагааны 2026 оны үнийн өсөлт урт хугацааны бүтцийн хомсдлоос бус, түр зуурын нийлүүлэлтийн шокоос үүдэлтэй байна. Хөнгөн цагааны үйлдвэр зэсийн уурхайтай харьцуулахад богино хугацаанд баригддаг тул 2027 онд нийлүүлэлт нэмэгдэж, үнэ бага зэрэг буурах төлөвтэй. Гэсэн хэдий ч хөнгөн цагааны ач холбогдол буурахгүй. Хамгийн өргөн хэрэглэгддэг өнгөт металл байхын зэрэгцээ зэсийн үнэ өндөр хэвээр байх тусам түүнийг орлох эрэлт нэмэгдэх юм. Түүнчлэн нөөцийн түвшин бага, Хятадын үйлдвэрлэл дээд хязгаартаа хүрсэн, цахилгааны үнэ өндөр байгаа зэрэг хүчин зүйлс үнийг дайны өмнөх түвшинд хурдан эргэн буцахад саад болох төлөвтэй байна.

📌Эх сурвалж: Дэлхийн банк, АНУ-ын Геологийн алба (USGS), Олон улсын хөнгөн цагааны хүрээлэн (IAI), Лондонгийн металлын бирж (LME), McKinsey, S&P Global, CRU, Goldman Sachs, Reuters, Alcoa, WisdomTree, Invesco

Жич: Энэхүү мэдээлэл нь зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэгдсэн бөгөөд хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш болно. Хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтын шийдвэрээ өөрийн судалгаа, зорилго болон эрсдэлийн түвшинд үндэслэн бие даан гаргана уу.

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.