Halloween гэхээр бид сүнс, харанхуй, аймшгийн кино төсөөлдөг. Харин хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн том айдас заримдаа ирээдүйн санхүүгийн төлөвлөгөө, хийсэн хөрөнгө оруулалт, гаргах гэж буй шийдвэрийнх нь цаана нуугдаж байдаг.
- “Олон жил хөдөлмөрлөж цуглуулсан мөнгөө ганц буруу шийдвэрээс болж алдчихвал яах вэ?”
- “Хувьцаа авмагц үнэ нь уначихвал яана? Харин авахгүй байтал өсчихвөл дахиад л хоцрох юм биш биз?”
- “Миний сонгосон бонд үнэхээр надад тохирсон хөрөнгө оруулалт мөн болов уу?”
- “Бусад хүмүүс мөнгөө өсгөөд байхад би яагаад одоо хүртэл эхэлж чадахгүй байна вэ?”
- “Би одоо хөрөнгө оруулалт эхлүүлэхэд хэтэрхий оройтсон юм биш биз?”
- Танд ч бас ийм бодол төрж байсан уу?
Үнэндээ бид зөвхөн мөнгөө алдахаас айдаггүй. Олон жилийн хөдөлмөр, ирээдүйн боломж, санхүүгийн тайван байдлаа алдахаас айдаг. Гэхдээ хөрөнгө оруулалтын айдас бүр муу зүйл биш. Заримдаа энэ нь бидэнд илүү сайн судлах, зөв асуулт асуух, бодлоготой шийдвэр гаргах хэрэгтэйг сануулдаг.
😨 “Би мөнгөө буруу зүйлд оруулчихсан юм биш биз?”
Хөрөнгө оруулалт хийсний дараа сонголтдоо эргэлзэх үе бий. Ялангуяа өмнө нь төдийлөн туршлагагүй бол “Зөв шийдвэр гаргасан болов уу?” гэсэн бодол төрөх нь хэвийн.
Жишээлбэл, бондын хөрөнгө оруулалт нь тодорхой нөхцөл, хүүгийн төлбөр, хугацаатай байдгаараа санхүүгийн төлөвлөлт хийхэд давуу талтай. Гэхдээ зөвхөн өгөөжийг нь харахаас илүүтэй бонд гаргагч байгууллагын үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, бүтээгдэхүүний нөхцөлийг ойлгож сонгох нь чухал.
✔️ Айдсаа багасгах арга: Хөрөнгө оруулж буй бүтээгдэхүүнийхээ онцлог, боломж, эрсдэл, нөхцөлийн талаар мэдээлэлтэй байж, ойлгож хийсэн сонголт илүү итгэлтэй шийдвэр гаргахад тусална.
😨“Яг одоо хувьцаа авах зөв цаг мөн үү?”
Хувьцааны ханш өсөхөөр “Арай оройтчихсон юм биш биз?”, буурахаар “Цаашдаа бүр их унах болов уу?” гэж эргэлздэг.
Гэвч зах зээлийн хамгийн тохиромжтой үеийг үргэлж онож таамаглах боломжгүй. Төгс цагийг хүлээх нь заримдаа боломжоо алдахад, харин яаран шийдвэр гаргах нь шаардлагагүй эрсдэл үүрэхэд хүргэж болно.
✔️Айдсаа багасгах арга: Өөрийн зорилго, хөрөнгө оруулах хугацаа, эрсдэл даах чадварт тулгуурлан шийдвэр гаргах нь илүү дээр сонголт байж болох юм. Нэг дор бүх хөрөнгөө оруулахын оронд үе шаттай хөрөнгө оруулах аргыг ч судалж болно.
😨 “Ирээдүйд аль салбар өсөхийг яаж мэдэх вэ?”
Өнөөдөр эрчим хүч, технологи, уул уурхай зэрэг олон салбарт хөрөнгө оруулалтын боломж яригдаж байна. Гэхдээ аль салбар ирээдүйд хамгийн өндөр өсөлт үзүүлэхийг хэн ч баттай хэлж чадахгүй.
Түүнчлэн өсөлттэй салбарын бүх компани ашигтай хөрөнгө оруулалт болно гэсэн үг биш.
✔️ Айдсаа багасгах арга: Зөвхөн ирээдүйн таамаглалд найдахын оронд компаниудын үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлт, зах зээлийн нөхцөлийг судалж, хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх нь нэг салбараас хэт хамаарах эрсдэлийг бууруулахад тусална.
😨 “Би хөрөнгө оруулалт эхлүүлэхэд хэтэрхий оройтсон уу?” Эсвэл “Би хөрөнгө оруулалт хийхэд арай л болоогүй, илүү их мөнгөтэй, туршлагатай болох хэрэгтэй юу?
25 настай хүн хангалттай мөнгөгүй гэж боддог бол 40 настай хүн эрт эхлээгүйдээ харамсаж, 60 настай хүн одоо эхлээд үр дүнг нь үзэж амжих болов уу гэж эргэлзэж магадгүй.
Гэхдээ хөрөнгө оруулалт хийх эсэхийг зөвхөн нас тодорхойлохгүй.
Хамгийн чухал нь таны санхүүгийн зорилго, орлого, хуримтлал, хөрөнгө оруулах хугацаа юм.
✔️ Айдсаа багасгах арга: Бусдын эхэлсэн цагтай өөрийгөө харьцуулахын оронд өнөөдрийн санхүүгийн нөхцөлдөө тохирсон төлөвлөгөө боловсруул. Хүн бүрийн хөрөнгө оруулалтын зорилго, боломж өөр байдаг.

Тэгвэл хөрөнгө оруулалтын айдсаа хэрхэн даван туулах вэ?
Хөрөнгө оруулалтад тодорхойгүй байдал үргэлж оршдог. Харин тэр бүхнийг урьдчилан таахыг оролдохын оронд өөрийн удирдаж чадах зүйлсэд анхаарах нь илүү үр дүнтэй.
- Айдсаа тодорхойлъё. Яг юунаас айж байгаагаа ойлгоё. Мөнгөө алдахаас уу, боломжоо алдахаас уу, эсвэл хангалттай мэдлэггүй байхаас уу?
- Мэдээлэлд тулгуурлая. Бусдын таамаглал, сэтгэл хөдлөлөөс илүүтэй бодит мэдээлэл, судалгаанд үндэслэн шийдвэр гаргая.
- Зорилгоо тодорхой болгоё. Богино хугацааны хуримтлал уу, урт хугацааны хөрөнгийн өсөлт үү гэдгээс шалтгаалан хөрөнгө оруулалтын сонголт өөрчлөгдөнө.
- Эрсдэлээ хуваарилъя. Бүх хөрөнгөө нэг бүтээгдэхүүн, компани эсвэл салбарт төвлөрүүлэхээс зайлсхийж, өөрт тохирсон багц бүрдүүлье.
- Төлөвлөгөөндөө үнэнч байя. Зах зээлийн өдөр тутмын хэлбэлзэл бүрд сандарч шийдвэрээ өөрчлөхөөс илүүтэй төлөвлөгөөгөө тогтмол хянаж, шаардлагатай үед үндэслэлтэйгээр шинэчилье.
Айдсаа шийдвэрийнхээ эзэн болгох хэрэггүй
Хөрөнгө оруулалт хийдэг хүн бүрд эргэлзээ төрдөг. Туршлагатай хөрөнгө оруулагчид ч ирээдүйг төгс таамаглаж чаддаггүй.
Харин айдсаас зугтах, эсвэл айдсаа үл тоомсорлохын оронд түүний цаад шалтгааныг ойлгож, мэдээлэлтэй шийдвэр гаргацгаая.
Энэ Halloween-аар өөрөөсөө нэг асуулт асуугаарай.
“Миний хамгийн том хөрөнгө оруулалтын айдас юу вэ? Түүнийг багасгахын тулд би өнөөдөр юу хийж чадах вэ?”
Учир нь сайн хөрөнгө оруулагч байх нь огт айдаггүй байхыг биш, харин эрсдэлээ ойлгож, айдсаа удирдан, зорилгодоо нийцсэн шийдвэр гаргаж чаддаг байхыг хэлнэ.
🎃 Айдсаа биш, ирээдүйгээ удирдъя!
📌Энэхүү нийтлэл нь санхүүгийн боловсрол олгох зорилготой бөгөөд аливаа үнэт цаасыг худалдах, худалдан авах хувь хүнд зориулсан зөвлөмж биш болно.









