2026 оны эхний улирлын санхүүгийн тайлангуудаас харахад Монголын банкны салбарын томоохон тоглогчид болох Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк (ХХБ), Төрийн банк өсөлтөө хадгалж салбарын үндсэн хөдөлгөгч хэвээр байгааг харууллаа.

Монголын банкны салбарын ТОП 5 банкны 2026 оны I улирлын санхүүгийн тайлангуудаас харахад нийт актив, зээлийн багцын өсөлт бүх банкуудад хадгалагдсан хэвээр байна. Зээлийн эрэлт тогтвортой байж, банкнуудын актив 10–28 хувийн өсөлт үзүүлсэн нь салбарын тэлэлт үргэлжилж буйг илтгэж байна. Нийт орлого бүх банкуудад өссөн боловч цэвэр ашгийн үзүүлэлт харилцан адилгүй гарч, зарим банкуудад буурсан нь зардлын дарамт нэмэгдэж, ашигт ажиллагаанд нөлөөлснийг илтгэжээ. Чанаргүй зээлийн түвшин 2.5–4.6 хувийн хооронд хадгалагдаж, системийн хэмжээнд тогтвортой хэвээр байна.

Ашигт ажиллагааны үзүүлэлтээр Хаан банк салбартаа тэргүүлж, өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 26.6 хувь, нийт хөрөнгийн өгөөж (ROA) 2.7 хувьд хүрсэн нь хөрөнгийн үр ашиг, өгөөжийн түвшнээр илт давуу байгааг харуулж байна. Хас банк мөн өндөр өгөөжтэй ажилласан бол Голомт банк, Төрийн банк дундаж түвшинд, харин ХХБ харьцангуй сул үзүүлэлттэй гарчээ.

Харин зах зээлийн үнэлгээний хувьд банкуудын хооронд ялгаа тод ажиглагдаж байна. Хас банк хамгийн өндөр P/E болон P/B харьцаатай байгаа нь хөрөнгө оруулагчдын өсөлтийн хүлээлт өндөр байгааг илтгэж байгаа бол бусад банкуудын P/B 1-ээс доогуур байгаа нь зах зээлд харьцангуй бага үнэлэгдсэн байх магадлалтайг харуулж байна.

Ерөнхий дүнгээр, дээрх ТОП 5 банкуудыг харьцуулахад гүйцэтгэлийн зөрүү тодорхой ажиглагдаж байгаа хэдий ч системийн бусад жижиг банкуудтай харьцуулахад эдгээр банкууд нь активын цар хүрээ, ашигт ажиллагааны түвшин, зах зээл дэх нөлөөллөөр илүү өндөр түвшинд, харьцангуй тогтвортой гүйцэтгэл үзүүлж байгааг онцлох нь зүйтэй. Шинжээчдийн байр сууриар үнэ ашгийн харьцаа (P/E), үнэ дансны үнийн харьцаа (P/B) зэрэг харьцаанууд нь зах зээлийн үнэлгээний чиг баримжаа өгөх ач холбогдолтой хэдий ч компанийн бодит үнэ цэн, санхүүгийн тогтвортой байдал, урт хугацааны чадавхыг бүрэн илэрхийлэхэд хангалтгүй үзүүлэлтүүд юм. Иймд хөрөнгө оруулагчид эдгээр хэмжүүрийг дангаар нь ашиглах бус, ашигт ажиллагааны чанар, зээлийн багцын эрсдэл, хөрөнгийн бүтэц, мөн ирээдүйн өсөлтийн төлөв зэрэг суурь хүчин зүйлсийг хамтатган, цогц байдлаар үнэлж шийдвэр гаргах нь илүү оновчтойд тооцогдоно.







