Skip links

“ТҮМЭН ШУВУУТ” ХК-ИЙН ХЭХ-ААС ОНЦЛОХ 10 ИШЛЭЛ 

Түмэн шувуут ХК-ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026/04/25-ны өдөр туушин зочид буудалд зохион байгуулагдлаа. Тус хурлаар хэлэлцсэн асуудлуудаас онцлох 10 ишлэлийг дараах байдлаар бэлтгэн хөрөнгө оруулагч, харилцагчдадаа хүргэж байна. Үүнд:

  1. Компанийн борлуулалтын орлого 99.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.9%-иар өссөн бол цэвэр ашиг 14.3 тэрбум төгрөгт хүрч 2.4%-иар нэмэгдсэн байна. Мөн 2025 оны цэвэр ашгийн төлөвлөгөө 98.6%-ийн биелэлттэй гарсныг гүйцэтгэх удирдлага мэдээлэв.
  2. Нийт ашгийн маржин 30.4%-д хүрсэн ч өмнөх оноос 4.4 нэгж хувиар буурсан нь бүтээгдэхүүний үнэ тогтвортой байсан ч зардлын өсөлт нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлав.
  3. Өндөгний үйлдвэрлэл 175.1 сая ширхэгт хүрч 22.3%-иар, тэжээлийн үйлдвэрлэл 39.0 мянган тоннд хүрч 11.4%-иар, үр тарианы үйлдвэрлэл 1,518 тоннд хүрч 1.2%-иар тус тус өссөн байна. Нийт 2025 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөө 97.5%-ийн биелэлттэй гарчээ.
  4. Тус компани 2024 онд дотоодын өндөгний зах зээлийн 40%-ийг хангаж байсан бол “Түмэн Шувуут 3” төслийг бүрэн хэрэгжүүлснээр 2025 онд 50%-ийг дангаар хангах хэмжээнд хүрсэн байна. Ингэснээр салбарын бусад аж ахуйн нэгжүүдийн хамтаар Монгол Улс дотоодын өндөгний хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэж, өндөгний хэрэглээний “тусгаар тогтнол” – оо зарлалаа.
  5. Бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотойгоор ХК 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэж, 2025 онд нийт 230 сая төгрөгөөр хувьцаагаа халаасалсан байна. Харин 2026 онд нийт 500 сая төгрөгийн хувьцааг халааслахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
  6. 2026 онд шувууны тоог 1.3 саяд хүргэж, өндөгний үйлдвэрлэлийг 240 сая ширхэг, тэжээлийн үйлдвэрлэлийг 55 мянган тоннд хүргэхээр тус тус төлөвлөжээ. Үүний зэрэгцээ борлуулалтын орлогыг 130 тэрбум төгрөг, цэвэр ашгийг 18 тэрбум төгрөгт хүргэх зорилт тавьсан байна.
  7. Өндөгний түгээлт, борлуулалтад олон улсын стандарт хангасан автомашины парк шинэчлэл хийсэн бөгөөд химийн болон микробиологийн лабораториуд ISO/IEC 17025 стандартын шаардлагыг бүрэн хангаж байна.
  8. Тэжээлийн үйлдвэрийн өргөтгөл, “Түмэн Шувуут 3” төсөл болон өндөгний үйлдвэрийн өргөтгөлд 10.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөснөөс 2025 онд 10.9 тэрбум төгрөгийн бодит гүйцэтгэл хийжээ.
  9. Компанийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлүүдийг (үйл ажиллагааны, санхүүгийн, зах зээлийн, БОНЗ болон зохицуулалтын, засаглал ба нэр хүндийн) ангилан үнэлж, олон улсын стандартад нийцсэн аргачлалаар удирдаж байна. 2025 оны эрсдэлийн үнэлгээний гүйцэтгэл 81%-тай гарсан байна.
  10. Хурлын үеэр “Бүтээлч сэтгэлгээ ба суралцахуй”, “Brand & Branding” сэдвүүдээр салбартаа тэргүүлэгч илтгэгчдийг урьж, сонирхолтой илтгэлүүд тавигдсан нь хувьцаа эзэмшигчдийн талархлыг хүлээлээ.

Бусад мэдээлэл