Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцсэн асуудлуудаас онцлох 10 ишлэлийг дараах байдлаар бэлтгэн хөрөнгө оруулагч, харилцагчдадаа хүргэж байна. Үүнд:

Доорх ишлэлүүдийг 2026 он болон цаашдын бизнесийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй байх шалгуурт үндэслэн шүүж сонгов.
- 2026 оны ашгийн зорилт тодорхой бөгөөд бодитой. Банк 2026 онд цэвэр ашгаа 708 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөж байгаа нь 2025 оны 694.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэлээс 2.0%-иар өсөх хүлээлттэй юм. Харин зээлийн багцыг 16.2 их наяд төгрөгт хүргэн нэмэгдүүлж, бизнесийн зээлийн эзлэх хувийг 53–54%-д хүргэхээр зорьж байна.
- Стратегийн чиглэлийг шинэчлэсэн. Өмнөх дунд хугацааны төлөвлөгөө “Дижитал банканд шилжих”-д төвлөрч байсан бол энэ удаагийн стратеги “Тогтвортой бизнесийн стратеги (2024-2026)” болж өөрчлөгдсөн. Энэ хүрээнд бизнесийн зээлийг тэлэх, харилцагчидтайгаа хамтдаа өсөх зарчмыг тэргүүлэх чиглэл болгож байгаа юм.
- Тогтвортой санхүүжилт цөм бизнес болж байна. Тогтвортой санхүүжилтийн зээлийн үлдэгдэл 2025 онд 3.2 их наяд төгрөгт хүрч, нийт зээлийн багцын 22.2%-ийг бүрдүүлсэн бол банк уг үзүүлэлтийг 2026 онд 24%-д, дараагийн жилүүдэд бизнесийн зээлийн тал орчим хувьд хүргэхээр ажиллаж байна.
- Урт хугацаат гадаад эх үүсвэрийг тэлж байна. Банк гадаад зах зээлээс 2025 онд 522.5 сая ам.долларын урт хугацаат хөрөнгө шинээр татан төвлөрүүлсэн бөгөөд 2026 онд нэмж 580 сая ам.доллар татахаар төлөвлөж байна. Энэ нь урт хугацаат бизнесийн зээлийг “хугацааны хувьд нийцтэй” эх үүсвэрээр санхүүжүүлэх зорилготой юм.
- Хиймэл оюун ухаанд суурилсан ирээдүйн төлөвлөгөө. 2026 оны 3-р сараас эхлэн дараагийн дунд хугацааны бизнесийн төлөвлөгөөг боловсруулж эхлэсэн бөгөөд хиймэл оюун ухаанд тулгуурласан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулна.
- Технологийн өөрчлөлтөд бэлдсэн хүний нөөцийн бодлого. 2030 он гэхэд банкны нийт ажлын байрны 80% нь өөрчлөгдөх урьдчилсан тооцоо гарсан. Олон улсад технологийн дэвшилтэй холбогдуулан орон тоогоо 30–50% цөөлдөг хандлага байдаг бол ХААН Банк орон тоогоо хадгалж, нэгж ажилтны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх стратегийг сонгож байна.
- Ногдол ашгийн тогтвортой бодлого. Банк ашгийн төлөвлөгөөгөө биелүүлсэн нөхцөлд цэвэр ашгийнхаа 40–60%-ийг ногдол ашигт хуваарилах бодлогыг баримтлахаар тогтоосон. 2025 онд нэгж хувьцаанд 214 (58.9%) төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн.
- Зах зээлийн манлайлал ба хоёрдогч бирж дэх боломж. ХААН Банк нь 2.7 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, Монголын хөрөнгийн биржийн хамгийн том хувьцаат компани юм. Банк хувьцаагаа гадаад бирж дээр давхар бүртгүүлэх боломжийг МХБ, СЗХ-той хамтран судалж байгаа боловч гадны биржүүдийн хувьд манай дотоодын биржийг хүлээн зөвшөөрөх, тэдгээрийн шаардлага хангах зэрэг саад байгааг дурдсан.
- Зээлийн чанар сайжирч, цахимжилт эрчимжсэн. Чанаргүй зээлийн хэмжээ 2025 оны хувьд 4.4%-аас 4.3% болж буурсан нь багцын чанар сайжирч буйг илтгэнэ. Банк хэрэглээний зээлийн 88%-ийг онлайнаар, дунджаар 5 минутын дотор олгож байгаа бөгөөд хиймэл оюун ухаанд суурилсан зээлийн скоринг ашигладаг. Банкны бизнесийн үйл ажиллагааны цахимжилт 70%-д хүрч, харилцагчдын 99.6% нь цахимаар гүйлгээ хийдэг болсон.
- Засаглал ба эрсдэлийн удирдлага олон улсын стандартад нийцсэн. PwC аудитын компани 2025 оны санхүүгийн тайланд хязгаарлалтгүй, эерэг дүгнэлт өгсөн. “Нэг этгээд 20%-иас дээш хувь эзэмшихгүй” гэсэн хуулийн шаардлагын хүрээнд ТУЗ улирал бүр хуралдаж, хувьцаа эзэмшигчдийн бүтцийг чанаржуулах чиглэлд төлөвлөгөө гарган ажиллаж байна.









