Төрийн Банк нь олон улсын стандартад нийцсэн орчин үеийн банк, санхүүгийн цогц үйлчилгээг орон даяар саадгүй хүргэх, бүх талын хамтын ажиллагааг дээдлэх, харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн олон талт хэрэгцээг хангахад чиглэн, Монгол орон даяар 500 гаруй салбар нэгж, 350 АТМ, 5,315 гаруй картаар үйлчлэгч байгууллагаар дамжуулан үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнгөрсөн оны санхүүгийн үзүүлэлтээр Төрийн Банк нь 3.2 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцаа, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон бусад үзүүлэлтээрээ Монголбанкнаас тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллаж байна. Төрийн Банк нь банкны салбарын зохистой бодлогын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэн, Монгол Улсын банкны салбарын ТОП 5 банкны нэгээр дахин шалгарч, амжилтаа баталгаажууллаа.
Төрийн Банк нь Монгол улсын Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг , Монголбанкны Ерөнхийлөгчийн 2000 оны 375 тоот тушаалаар батлагдсан “Банк, түүний нэгж байгуулах зөвшөөрлийн журам”-ыг үндэслэн Монголбанкнаас 2009.11.23-ны өдөр олгогдсон “26” дугаар бүхий БАНКНЫ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ болно.
2021 оны эцсийн байдлаар Төрийн банкны бизнесийн өмчийн үнэлгээ 442.2 тэрбум төгрөг байгаа бөгөөд 2022 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланд тусгагдсан өөрийн хөрөнгийн дүн 446.7 тэрбум төгрөг болж өссөн байна.
2022 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр Төрийн банк нь Өөрийн хөрөнгийн өгөөжөөр тэргүүлж байна. Өөрийн хөрөнгийн өгөөж нь хувь эзэмшигчдийн хөрөнгийг хэр үр ашигтай ашиглаж буй түвшинг илтгэдэг.
Хамгийн эрсдэл багатай үнэт цаас нь аль ч улсад тухайн улсын Засгийн газрын бонд байдаг. Тэгвэл Төрийн банкны өмчийн дийлэнх хувийг Сангийн яам ба Хадгаламжийн даатгалын корпораци гэсэн 2 байгууллага эзэмшдэг.
Төрийн банк нь салбар, харилцагчдын тоогоор салбартаа 2 дугаарт байгаа нь Дэд бүтцийн хувьд банкны салбартаа тэргүүлэгч гэдгийг харуулж байна. Энэхүү дэд бүтцийн тусламжтай бизнесээ тэлэх бүрэн боломжтой юм.
Төрийн банк нь өөрийн алсын хараа, стратеги зорилтоо “Дундаж давхаргыг дэмжигч банк” гэж тодорхойлсон. Иймд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, ногоон зээл гаргалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна
Хувьцаа худалдан авагч нь үнэт цаасны данстай байх шаардлагатай бөгөөд хэрэв дансгүй тохиолдолд үнэт цаасны компанид дансаа нээлгэнэ.
Өөрийн үнэт цаасны дансанд хувьцаа худалдан авах мөнгийг байршуулна.
Үнэт цаасны компанитай холбогдон хувьцааны захиалга өгнө.
Биелсэн хэлцэлийн төлбөр Т+1 өдөр хийгдэнэ.