Хүүг хэвээр үлдээсэн ч …
Кевин Варш нь 5-р сарын 22-нд Холбооны Нөөцийн Сангийн 17 дэх “Тэргүүн” болж тангараг өргөсөн бөгөөд 6-р сарын 17-нд анхны ХНС-ийн хурлаа удирдаж, бодлогын хүүг 3.50%-3.75% хооронд санал нэгтэйгээр (12-0) “хэвээр” үлдээхээр шийдвэрлэсэн байна.
ХНС-ийн шийдвэр: Үндэслэл
Варш хэлсэн үгэндээ “инфляци 2%-ийн зорилтоос “хол” дээгүүр байгаа”-г онцолж, өндөр үнэ Америкчуудад дарамт учруулж байгааг тодотголоо. Ийнхүү бодлогын хүүг хэвээр үлдээсэн нь тодорхой бус байдал өндөр байгааг үл харгалзан эдийн засгийн тэлэлт, бүтээмжийн өсөлт, хөрөнгө оруулалтын зарцуулалтууд хүчтэй байгаа болон ажил олголт, ажиллах хүчний нийлүүлэлтийн хурд тэнцвэртэй, ажилгүйдлийн түвшин бага зэрэг өөрчлөгдсөнтэй холбож тайлбарласан байна.
Өнгө аяс: Мөнгөний хатуу бодлогод шилжих магадлал (hawkish)
Хурлын үеэр хийсэн мэдэгдэл, асуулт хариултын явцад мөнгөний хатуу бодлогод шилжих өнгө аяс ажиглагдлаа. Варш бодлогын хорооны гишүүд үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилго дээр бүгд санал нэгтэй байгааг онцолж, мэдээллийн хурлын үеэр энэ тухай “удаа дараалан” давтан ярьлаа.
Хүүгийн голч төсөөлөл (dot plot) жилийн эцэс гэхэд 3.8 болж нэмэгдсэн нь хүү буурах төсөөллөөс эрс өөрчлөгдсөн дүр зураг боллоо. Инфляцын голч төсөөлөл энэ онд 3.6%, ирэх онд 2.3% байгаа бол ажилгүйдлийн түвшин 4.3%-д хадгалагдахаар төсөөлөлд туссан байна.

Шинэ дарга: Бүтцийн өөрчлөлт
Хүүгийн шийдвэрээс гадна Варш мөнгөний бодлого тодорхойлоход голлох нөлөө бүхий дараах 5 чиглэлд үйл ажиллагааг дахин үнэлж, сайжруулах зорилгоор ажлын хэсэг байгуулахаа зарласан: Үүнд:
- ХНС-ийн ажлын уялдаа, холбоо
- ХНС-ын Балансын бодлого
- Өгөгдлийн эх сурвалж, аргачлал
- Бүтээмж ба хөдөлмөрийн зах зээл
- Инфляцийн шалтгаан
Товч дүгнэлт
Мөнгөний бодлогын чиглэл өөрчлөгдөх магадлал нэмэгдсэнээр зах зээлд ам.доллар чангарч, үнэт цаасны үнэд дарамт учруулахаар байна. Тиймээс хөрөнгө оруулагчдын хувьд цаашид ХНС-ийн дээрх 5 ажлын хэсгийн мэдэгдэл дүгнэлтийг сайтар ажиглаж, хөрөнгө оруулалтын шийдвэртэй тусгаж ажиллах нь зүйтэй юм.
Эх сурвалж: https://www.federalreserve.gov/









