НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аас боловсруулсан “Сургуулийн өмнөх боловсролд хөрөнгө оруулах учир шалтгаан” тайланд дурдсанаар, сургуулийн өмнөх боловсролд оруулсан хөрөнгө оруулалт нь нэг ам.доллар тутамд дунджаар 9.25 ам.долларын эдийн засгийн өгөөжийг бий болгодог гэж тэмдэглэсэн байдаг.
Гэвч Монгол Улсад багш нарын цалин дотоодын дундаж болон бүс нутгийн түвшнээс доогуур хэвээр байгаагаас амьжиргаа хүндрэх, мэргэжлээ орхих явдал нэмэгдэж, боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна. Багш нарын цалин, ажлын нөхцөлийг сайжруулах шаардлага нь бодит хэрэгцээнээс урган гарсан бөгөөд төр засаг анхаарч эхэлсэн ч илүү бодит шийдэл хэрэгтэй байна. Боловсролын салбарын санхүүжилт, багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дэлхийн жишигт ойртуулах нь хүүхэд, залуусын сурах орчныг сайжруулж, улсын ирээдүйд оруулах хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт юм.

Багшийн үндсэн цалингаас гадна илүү цагийн хөлс, анги даалтын нэмэгдэл, кабинет хариуцсан нэмэгдэл, тусгай болон нэмэлт сургалтын урамшуулал, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, мэргэшлийн зэрэг, ур чадварын шатлал, орон нутгийн нэмэгдэл зэрэг нэмэгдэл хөлс бодогддог байна.
🚸1. Сургуулийн өмнөх боловсролын багш нарын нөхцөл байдал
“Боловсролын салбарын статистик мэдээлэл 2024–2025” тайланд дурдсанаар:
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нийт 18,688 багш ажиллаж байгаагаас 46.8% буюу 8,743 нь туслах багш байна. Эдгээр туслах багш нар нь ТҮБД-1 ангилалд хамаарах бөгөөд үндсэн цалингийн хэмжээ 1,283,000 төгрөгөөс эхэлдэг. Гарт олгох бодит цалин нь 1,037,906 төгрөг байна. Нийт багш нарын 10.0% буюу 1,545 нь шинээр ажилд орсон (анхны жилээ ажиллаж буй) бөгөөд тэдний хувьд мэргэшлийн зэрэг гэх мэт нэмэгдлүүд авах боломж хязгаарлагдмал байна.
🎒2. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын нөхцөл байдал
Ерөнхий боловсролын сургуулийн түвшинд нийт 37,770 багш ажиллаж байгаа бөгөөд үүнээс 87.0% буюу 32,728 багш нь төрийн өмчийн сургуульд багшилж байна. Багш нарын 4.1% буюу 1,545 нь анхны жилдээ ажиллаж буй шинэ багш нар байгаа бөгөөд шинээр ажилд орсон багш нарын үндсэн цалингийн доод хэмжээ 1,484,000 төгрөг, татвар, шимтгэл хасагдсаны дараах гарт олгох цалин 1,198,006 төгрөг байна.
🤔ЭРГЭЦҮҮЛЭЛ: Боловсрол бол хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт
Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага (OECD)-аас гаргасан “Дэлхийн боловсролын үзүүлэлтүүд 2024” (Education at a Glance 2024) тайланд, их дээд боловсролд хийсэн хөрөнгө оруулалтын дотоод өгөөж (IRR) нь эрэгтэйчүүдэд дунджаар 15%, эмэгтэйчүүдэд 18% хүрдэг гэж дурдсан байдаг.
Өөрөөр хэлбэл, нэг хүн их, дээд сургуулийн боловсрол эзэмшихэд зарцуулсан өртөг, цаг хугацаа, боломжийн зардлыг урт хугацаанд нөхөж, жил бүр дунджаар 15–18 хувийн өгөөжтэй байна гэсэн үг юм. Энэ нь боловсрол зөвхөн нийгмийн ач холбогдолтой төдийгүй санхүүгийн хувьд бусад хөрөнгө оруулалтын хэлбэрүүдтэй (банкны хадгаламж, үл хөдлөх хөрөнгө гэх мэт) өрсөлдөхүйц, бүр түүнээс давсан өгөөжтэй стратегийн хөрөнгө оруулалт болохыг нотолж байна.
Боловсролд чиглэсэн зардал нь төсвийн энгийн хэрэглээ бус, олон улсын судалгаагаар өгөөж өндөртэй урт хугацааны хөрөнгө оруулалт болохыг олон улсын байгууллагын судалгаанууд нотолж байна. Энэ өгөөжийн үндэс суурь нь дараах хүчин зүйлс дээр тулгуурлаж байна. Үүнд:
- Хүн капиталын чанар сайжрах: Боловсрол эзэмшсэн иргэдийн ур чадвар нэмэгдэж, тэд илүү өндөр орлого олдог, тогтмол татвар төлөгч иргэдийн тоо өсдөг.
- Бизнес ба инновацын идэвхжил нэмэгдэх: Чадварлаг, мэдлэгтэй хүн ам өсөхийн хэрээр шинэ бизнес санаа, стартап, инноваци бий болох нөхцөл бүрдэж, эдийн засгийн бүтцийн шинэчлэл эрчимжинэ.
- Хөдөлмөрийн бүтээмж өсөх: Ур чадвартай ажиллах хүч нэмэгдсэнээр нэг ажилтанд ногдох бүтээмж өсөж, үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудын нэмүү өртөг тогтвортой нэмэгдэнэ.
Ингэснээр боловсролд хийсэн хөрөнгө оруулалт нь зөвхөн хувь хүний түвшинд биш үндэсний хэмжээнд ДНБ-ий өсөлт, татварын орлого, инновацын чадвар гэх мэтээр олон талын өгөөжийг бий болгодог. Иймд төрөөс багш болон сургалтын экосистемд хийж буй санхүүжилт нь богино хугацааны халамжийн шинжтэй шийдэл биш, харин өсөлтийн хөрөнгө оруулалт бөгөөд хүүхдийн сургалтын чанараар дамжин эдийн засгийн суурь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг байна.

