Skip links

Монгол Улсын экспортын орлого 2026 оны 1-р улиралдөмнөх оны мөн үеэс 62.3%-иар өслөө

Монгол Улсын 2026 оны эхний 3 сарын гадаад худалдааны тэнцэл 2,411.7 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 5.2 дахин нэмэгдсэн бол нийт экспорт өнгөрсөн оны мөн үеэс 62.3%-иар нэмэгдэж, 4,899.0 сая ам доллар, импорт 2.8%-иар буурч, 2,477.3 сая ам долларт тус тус хүрсэн байна.

Нийт экспортын 91.5%-ийг БНХАУ руу, 5.4%-ийг Швейцар улс руу, 1.1%-ийг АНУ руу тус тус худалдаалсан бол экспортын орлогын 90.0%-ийг эрдэс бүтээгдэхүүний экспорт эзлэж байна.

Экспортын орлогыг бүрдүүлж буй ТОП-5 барааг нийт экспортын дүнд эзлэх хувиар авч үзэхэд зэсийн хүдэр, баяжмал 44.7%-ийг, чулуун нүүрс 35.9%-ийг, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 6.5%-ийг, төмрийн хүдэр, баяжмал 2.8%-ийг, хээрийн болон хайлуур жонш 1.6%-ийг буюу тус тус бүрдүүлсэн байна.

Эдгээрээс чулуун нүүрсний экспортын биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 66.8%-иар нэмэгдэж, 26.3 сая тонн, зэсийн хүдэр, баяжмал 42.6%-иар өсөж, 0.65 сая тонн, хээрийн болон хайлуур жонш 8.2%-иар нэмэгдэж, 0.44 сая тонн, төмрийн хүдэр, баяжмал 9.9%-иар нэмэгдэж, 1.94 сая тонн, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 2.3%-иар нэмэгдэж, 1.9 сая тонн болж тус тус нэмэгдсэн байна.

Эдгээр голлох бүтээгдэхүүнээс нэгж үнийн (дундаж) хувьд боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны дундаж үнэ 84.6%-иар өсөж, 165.5 сая ам.доллар/тн, зэсийн хүдэр, баяжмал 65.0%-иар өсөж, 3,362.6 ам.доллар/тн болсон бол чулуун нүүрсний дундаж үнэ 17.6%-иар буурч, 66.7 ам.доллар болсон байна.

Харин манай улсын экспортын бүтээгдэхүүний гол худалдан авагч БНХАУ-ын 2026 оны эхний 3 сарын гадаад худалдааны мэдээгээр тус улсын чулуун болон хүрэн нүүрс импортын биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 1.3%-иар нэмэгдэж, 116.3 сая тонн, зэсийн хүдэр, баяжмалын хэмжээ 6.6%-иар нэмэгдэж, 7.6 сая тонн , харин төмрийн хүдэр, баяжмалын хэмжээ 10.5%-иар нэмэгдэж, 314.8 сая тонн болж тус тус нэмэгдсэн нь эрэлт хадгалагдсаар байгааг харуулж байна.

Түүнчлэн харгалзах хугацаанд БНХАУ-ын зэсийн хүдэр, баяжмалын импортын нэгж (дундаж) үнэ 36.5%-иар нэмэгдэж, 3,429.1 ам.доллар/тонн, төмрийн хүдэр, баяжмалын нэгж (дундаж) үнэ өмнөх оны мөн үеийн орчим буюу 0.7%-иар нэмэгдэж, 100.7 ам.доллар тонн, харин нүүрсний дундаж үнэ 7.2%-иар буурч, 75.1 ам.доллар/тонн-д хүрсэн байна.

Бидний өмнөх нийтлэлүүдэд дурдаж байсанчлан БНХАУ-ын зэсийн импорт биет хэмжээгээр 6.6%-иар нэмэгдэж, дундаж үнэ 36.5%-иар өссөн байгаа нь тус бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ ямар өндөр байгааг харуулж байна.

Цаашид дэлхийн гео-улстөрийн нөхцөл байдал, ойрх дорнодод өрнөөд буй дайн тулааны улмаас учирч болзошгүй эрчим хүчний үнийн өсөлт, тасалдал, эрэлт хэрэгцээ, томоохон гүрнүүдийн хоорондох AI болон бусад технологийн өрсөлдөөн, түүхий эдийн нийлүүлэлтийн зардал нэмэгдэх зэрэг гадаад олон хүчин зүйлсээс шалтгаалан эрдэс бүтээгдэхүүний үнэ цаашид өсөх магадлал нэмэгдэх хүлээлттэй байна.

Бусад мэдээлэл