Бид 2025 оны 5, 12-р сард энэ сэдвээр мэдээлэл хүргэж байсан бөгөөд мэдээллийг шинэчлэн та бүхэнд хүргүүлж байна. Тооцоонд төгрөгийн хөрөнгө оруулалтын жилийн өгөөжийг 20%, ам.долларын хөрөнгө оруулалтынхыг 10% (хагас жил тутам хүү төлдөг бонд) гэж авч, долларын өгөөж дээр тухайн хугацааны ханшийн өөрчлөлтийг нэмж тооцсон болно.
🤔 Өгөөжийн харьцуулалт
2022 онд ам.долларын ханш 20.9%-иар чангарснаар долларын хөрөнгө оруулалт төгрөгийнхөөс 12.4 нэгж хувиар илүү өгөөж өгсөн. Харин 2023, 2024 онд ханш тогтвортой (−1.0% ба +0.3%) байсан тул төгрөгийн өгөөж 11.1 ба 9.7 нэгж хувиар давсан байна. 2025 онд ханш 4.0%-иар чангарсан ч төгрөгийн хөрөнгө оруулалт 5.6 нэгж хувиар давуу байв. 2026 оны 9-р сарын 29-ний байдлаар ханш оны эхнээс ердөө 1.1%-иар өсөж, долларын өгөөж 11.2% болсноор төгрөгийн давуу тал 8.8 нэгж хувь болж нэмэгдлээ.

✅ Ханшийн тогтвортой байдлыг дэмжиж буй хүчин зүйлс
Түүхэн мэдээллээс харахад гадаад валютын улсын нөөц (ГВУН) буурсан 2013–2017 онд ам.долларын ханш жилд дунджаар 19.2%-иар өсөж байсан бол ГВУН огцом өссөн 2017–2021, 2022–2026 онд ханшийн өсөлт жилд дунджаар 3.3–3.9% болж удааширсан. Өөрөөр хэлбэл нөөц нэмэгдэх үед ханшийн өсөлт саардаг зүй тогтол ажиглагдаж байна.
2026 онд ч энэ зүй тогтол давтагдаж байна. ГВУН 8-р сарын байдлаар 8,372.6 сая ам.долларт хүрч түүхэн дээд түвшнээ шинэчилсэн бөгөөд оны эхнээс 19.5%, өмнөх оны мөн үеэс 47.3%-иар өссөн.
Нөөцийн өсөлтийн гол эх үүсвэр нь экспорт: ҮСХ-ны мэдээгээр 2026 оны эхний 8 сард экспорт 14.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 57.2%-иар өсөж, гадаад худалдааны тэнцэл 6.0 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Экспортын өсөлтөд зэсийн хүдэр, баяжмал (+2.8 тэрбум ам.доллар), нүүрс (+1.9 тэрбум ам.доллар) голлон нөлөөлжээ. Түүнчлэн 2025 оны 10-р сард Moody’s Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B1, S&P BB- болгон ахиулсан, 2026 оны 6-р сард Монголбанк Хятадын Ардын Банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хугацааг 3 жилээр сунгаж, нөхцөлийг сайжруулсан зэрэг нь төгрөгийн тогтвортой байдлыг дэмжиж байна.

☝️Цаашид анхаарах зүйлс
Өндөр инфляц. ҮСХ-ны мэдээгээр жилийн инфляц 2026 оны 8-р сард 12.5% хүрсэн бөгөөд Монголбанк 8-р сарын 12-нд бодлогын хүүг 12.5% болгон нэмэгдүүлсэн.
Юанийн эсрэг төгрөгийн сулрал. Ам.долларын эсрэг тогтвортой харагдаж буй төгрөг юанийн эсрэг суларсан. ҮСХ-ны мэдээгээр 2026 оны 8-р сарын дундаж ханшаар төгрөг ам.долларын эсрэг өмнөх оны мөн үеэс ердөө 2.32 төгрөгөөр (0.1%) суларсан бол юанийн эсрэг 32.91 төгрөгөөр (6.6%) суларч, 533.58 төгрөгт хүрсэн байна. 2026 оны эхний 8 сард импортын 41.0% нь БНХАУ-аас орж ирсэн тул энэ нь импортын үнээр дамжин инфляцад нөлөөлж байна.
Экспортын төвлөрөл. ҮСХ-ны мэдээгээр 2026 оны эхний 8 сард экспортын 92.7% нь БНХАУ-д нийлүүлэгдсэн бөгөөд нийт экспортын 43.7%-ийг зэсийн хүдэр, баяжмал, 37.0%-ийг чулуун нүүрс бүрдүүлжээ. Иймд түүхий эдийн үнийн бууралт, хилийн боомтын саатал валютын орлогод шууд нөлөөлөх боломжтой байна.
Улирал ба сонгуулийн мөчлөг. 2010 оноос хойш ам.долларын ханш 7–11-р сард сар бүр дунджаар 0.6–1.3%-иар өсдөг тул оны үлдсэн саруудад улирлын дарамт гарч болзошгүй байна. Мөн 2028 онд УИХ-ын ээлжит сонгууль болох тул сонгуулийн өмнө төсвийн зарлага тэлэх, бодлогын сахилга бат сулрах эрсдэлтэй бөгөөд ОУВС ч үүнийг эдийн засгийн гол эрсдэлийн нэгээр онцолсон байна.
Дүгнэлт
Түүхэн өндөр валютын нөөц, экспортын хүчтэй орлого ойрын хугацаанд төгрөгийн тогтвортой байдлыг дэмжиж, төгрөгийн хөрөнгө оруулалт илүү өгөөжтэй хэвээр байна. Гэвч өндөр инфляц, юанийн ханш төгрөгийн эсрэг чангарах, түүхий эдийн хамаарал, сонгуулийн мөчлөг зэрэг нь цаашид ханшийн өсөлтөд нөлөөлөх боломжтой байна.
📌Энэхүү мэдээллийг Монголбанк, ҮСХ, ОУВС-гийн албан мэдээлэлд тулгуурлан “зөвхөн мэдээллийн зорилгоор” боловсруулсан бөгөөд хөрөнгө оруулалтын зөвлөмж биш, зах зээлийн болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр өөрчлөгдөж болохыг анхаарна уу









