Skip links

🤔 Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал, 2026 оны 8-р сар

Онцлох үзүүлэлтүүд:

  • Эдийн засгийн өсөлт 7.7% – Бодит ДНБ 2026 оны эхний хагаст 7.7%-иар өссөн нь I улирлын 7.9%-иас бага зэрэг саарсан боловч сүүлийн 5 жилийн дунджаас (5.2%) өндөр хэвээр байна.
  • Экспорт 57.2%-иар өсөв – 2026 оны эхний 8 сарын экспорт 14.4 тэрбум ам.доллар, импорт 8.4 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 6.0 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Экспорт өмнөх оны мөн үеэс 57.2%-иар өссөн нь гадаад секторын үзүүлэлтийг мэдэгдэхүйц сайжруулав.
  • Инфляц 12.5% – Жилийн инфляц 7 дугаар сарын 13.0%-иас 8 дугаар сард 12.5% болж, 2 дугаар сараас хойш анх удаа саарлаа. Хүнсний бүтээгдэхүүний үнэ жилийн 21.5%-ийн өсөлттэй байгаа нь үнийн дарамтын гол эх үүсвэр хэвээр байна.
  • Төсвийн алдагдал 2.16 их наяд төгрөг – Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого эхний 8 сард 20.1 их наяд төгрөг, нийт зарлага, цэвэр зээл 22.2 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.16 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа.
  • Мөнгөний нийлүүлэлт 24.7%-иар өслөө – M2 мөнгөний нийлүүлэлт 2026 оны 8 дугаар сарын эцэст 54.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 24.7%-иар нэмэгдэв. Төгрөгийн хадгаламж 24.9%-иар өссөн бол валютын хадгаламж 8.2%-иар буурсан байна.

🗺️ГАДААД ХУДАЛДАА

Гадаад худалдаа 2026 оны макро эдийн засгийн хамгийн хүчтэй эерэг үзүүлэлтийн нэг байлаа. Эхний 8 сард нийт бараа эргэлт 22.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 36.8%-иар өсөв. Экспорт 14.4 тэрбум ам.доллар болж 57.2%-иар өссөн бол импортын өсөлт харьцангуй бага буюу 11.9% байлаа. Үүний үр дүнд худалдааны ашиг өмнөх оны мөн үеийн 1.68 тэрбум ам.доллараас 6.03 тэрбум ам.долларт хүрчээ.

Экспортын өсөлтийн дийлэнхийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлсэн бөгөөд зэсийн хүдэр, баяжмалын экспортын орлого өмнөх оны мөн үеэс 2.8 тэрбум ам.доллар, нүүрснийх 1.9 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.

📊 УЛСЫН ТӨСӨВ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого эхний 8 сард 20.1 их наяд төгрөг болж 11.1%-иар өссөн бол нийт зарлага, цэвэр зээл 22.2 их наяд төгрөг болж 15.1%-иар өслөө. Зарлага орлогоос хурдан өссөнөөр тэнцвэржүүлсэн тэнцэл 2.16 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Татварын орлогын бүтцэд орлогын албан татвар 31.3%, НӨАТ 23.4%, нийгмийн даатгалын орлого 21.9%, гадаад үйл ажиллагааны орлого 6.9%-ийг эзэлж байна.

🪙 ИНФЛЯЦ БА МӨНГӨ, ЗЭЭЛ

Улсын хэмжээнд жилийн инфляц 2026 оны 8 дугаар сард 12.5% болж, зорилтот түвшнээс өндөр хэвээр байна. Нийт инфляцын 5.8 нэгж хувь буюу 46.9%-ийг хүнсний бараа, ундаа, усны бүлэг бүрдүүлсэн бөгөөд хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 21.5%-иар өссөн нь үнийн өсөлтийн гол хүчин зүйл хэвээр байна. Түүнчлэн тээврийн бүлэг 1.7 нэгж хувь, боловсролын үйлчилгээ 1.2 нэгж хувиар нөлөөлсөн бөгөөд боловсролын үйлчилгээний үнийн өсөлт нь хичээлийн шинэ жилийн эхлэлтэй холбоотой улирлын шинжтэй байна.

Харин хүнсний бус барааны үнэ 9.1%, үйлчилгээний үнэ 10.9%-иар өссөн нь үнийн өсөлт зөвхөн хүнсний бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй, хэрэглээний олон бүлэгт тархаж байгааг илэрхийлж байна.

Мөнгөний нийлүүлэлт (M2) 2026 оны 8 дугаар сарын эцэст 54.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 24.7%-иар өссөн байна. Эх үүсвэрээр нь авч үзвэл гадаад цэвэр актив 2.2 дахин өсөж 13.6 их наяд төгрөгт хүрсэн бол дотоод цэвэр актив 8.9%-иар өссөн нь мөнгөний тэлэлт зээлийн өсөлтөөс илүүтэй экспортын орлогын урсгалаар голлон тэтгэгдэж байгааг илэрхийлж байна. Хадгаламжийн бүтцэд төгрөгийн хадгаламж 28.8 их наяд төгрөг болж 24.9%-иар өссөн бол валютын хадгаламж 8.2%-иар буурсан байна.

Зээлийн үлдэгдэл 48.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 14.3%-иар өссөн нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлтөөс бага байна. Түүнчлэн 2026 оны эхний хагаст хөрөнгийн нийт хуримтлал бодит дүнгээр 14.5%-иар буурсан нь дотоод хөрөнгө оруулалтын идэвхжил зээлийн өсөлтийг дагаж нэмэгдээгүйг харуулж байна. Харин экспортын орлогоос үүдэлтэй мөнгөний тэлэлт болон төсвийн зарлагын өсөлт зэрэгцэн явагдаж байгаа нь инфляцын дарамт богино хугацаанд бүрэн арилахгүй байх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

📈 АЖ ҮЙЛДВЭР БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2026 оны эхний 8 сард 49.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 56.3%-иар өссөн байна. Үүний гол хэсгийг уул уурхай, олборлолтын салбар бүрдүүлж, тус салбарын үйлдвэрлэл 68.2%-иар нэмэгджээ. Боловсруулах үйлдвэрлэл мөн 15.0%-ийн өсөлт үзүүлсэн байна.

Хөрөнгийн зах зээлд арилжааны үнийн дүн эхний 8 сард 1.03 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 73.4%-иар нэмэгдэв. ТОП-20 дундаж индекс 8 дугаар сард 56,038 нэгж болж, жилийн өмнөхөөс 14.8%-иар өссөн байна.

☝️ДҮГНЭЛТ

Зэс, нүүрсний экспорт огцом нэмэгдсэний дүнд эхний 8 сарын гадаад худалдааны тэнцэл 6.0 тэрбум ам.долларын ашигтай гарсан бөгөөд гадаад валютын улсын нөөц 9 дүгээр сард 8.9 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд түвшнээ шинэчлээд байна.

Гэсэн хэдий ч дотоод эдийн засагт тэнцвэргүй байдал үргэлжилж байна. Инфляц 12.5%-ийн өндөр түвшинд хадгалагдаж, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал эхний 8 сарын байдлаар 2.16 их наяд төгрөгт хүрэв. Мөн хөрөнгийн нийт хуримтлал бодитоор 14.5%-иар буурсан байна. Үүний зэрэгцээ уул уурхайн салбарын бодит өсөлт 31.5% байсан нь бусад салбарын өсөлтөөс мэдэгдэхүйц өндөр байлаа.

Ийнхүү одоогийн макро орчныг “гадаад сектор хүчтэй, дотоод үнийн дарамт өндөр” гэж тодорхойлж болохоор байна. Энэ нөхцөлд инфляц тогтвортой саарах хүртэл бодлогын хүү ойрын хугацаанд өндөр түвшинд хадгалагдах магадлалтай. Харин цаашдын өсөлт зэс, нүүрсний үнийн хэлбэлзэл, БНХАУ-ын эрэлт болон төсвийн гүйцэтгэл гол нөлөө үзүүлэх хүчин зүйлс хэвээр байх төлөвтэй байна.

📌Энэхүү мэдээллийг Үндэсний статистикийн хороо болон Монголбанкны нээлттэй эх сурвалжид үндэслэн мэдээллийн зорилгоор боловсруулав. Мэдээлэл, дүгнэлт нь шинэ статистик мэдээлэл болон зах зээлийн нөхцөлөөс шалтгаалан өөрчлөгдөх боломжтой бөгөөд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа мэдээллийг бие даан нягтлахыг зөвлөж байна.

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.