Бид АНУ-ын хөрөнгийн зах зээл ба үндсэн салбаруудын мэдээллийг цуврал болгон та бүхэнд хүргэж байгаа билээ. Энэ удаагийн нийтлэлээр оны эхнээс 39.0%-ийн өсөлт үзүүлээд байгаа “Мэдээллийн технологи”-ийн салбар, тэр дундаа тухайн салбарыг бүрдүүлэгч дэд салбаруудыг онцолж байна.
🔍2025 он гарснаас хойш технологийн салбарын хамгийн өндөр өсөлттэй дэд салбараар “Цахилгаан хэрэгслийн эд ангийн технологи” 86.7%-ийн, “Нарны эрчим хүчний технологи” 68.69%-ийн, “Хагас дамжуулагчийн тоног төхөөрөмж, материал”-ын дэд салбар 57.49%-ийн өсөлтөөр тус тус тэргүүлсэн байна.
Цахилгаан хэрэгслийн эд ангийн технологийн дэд салбарыг нийт 48 компани төлөөлөн бүрдүүлж байгаа бөгөөд салбарын зах зээлийн нийт үнэлгээ нь 452.82 тэрбум ам.доллароор хэмжигдэж, орлого нь 156.17 тэрбум ам.долларт хүрч, үнэ/ашгийн харьцаа нь 41.5-тай байна. Тус дэд салбарын хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компаниар “Amphenal Corporation” (PE 45.96) 168.77 тэрбум ам.доллароор тэргүүлж байгаа бол “Corning Incorporated” (PE 52.98) 70.82 тэрбум доллароор, “TE Connectivity plc” (PE 35.75) 64.79 тэрбум ам.доллароор тус тус удаалж байна.
Зураг №1. Дэд салбаруудын үзүүлэлт

Харин нарны эрчим хүчний технологийн дэд салбарыг нийт 24 компани бүрдүүлж, салбарын зах зээлийн нийт үнэлгээ нь 56.99 тэрбум ам.доллароор хэмжигдэж, орлого нь 31.83 тэрбум ам.долларт хүрсэн байгаа ч одоогоор дэд салбарын хэмжээнд алдагдалтай ажиллаж байгаа учир P/E харьцаа бодогдоогүй байна. Тус дэд салбарын хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компаниар “First Solar, Inc” (PE 19.94) 27.88 тэрбум ам.доллароор тэргүүлж байгаа бол “Nextpower Inc” (PE харьцаа нь 22.54) 12.89 тэрбум ам.доллароор, “Sunrun Inc” (PE “алдагдалтай”) 4.2 тэрбум ам.доллароор тус тус удаалж байна.
Хагас дамжуулагчийн тоног төхөөрөмж, материалын дэд салбарыг бүрдүүлж буй нийт 31 компанийн зах зээлийн үнэлгээ нь 1.01 их наяд ам.доллароор хэмжигдэж байгаа бол орлого нь 128.42 тэрбум ам.долларт хүрч, P/E харьцаа нь 33.85-тай байна. Тус дэд салбарын хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компаниар “ASML Holding N.V.” (PE 34.85) 383.26 тэрбум ам.доллароор тэргүүлж, “Lam research Corporation” (PE 33.19) 188.88 тэрбум доллароор, “Applied Materials, Inc” (PE харьцаа нь 26.66) 183.95 тэрбум ам.доллароор тус тус удаалж байна. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд “трэнд” болж буй хагас дамжуулагчийн дэд салбар технологийн салбарын 36.2%-ийг дангаар бүрдүүлж, зах зээлийн үнэлгээ нь 9.17 их наяд ам.долларт хүрээд байна. Харин тус салбарын орлого 674.33 тэрбум ам.доллароор хэмжигдэж, үнэ, ашгийн харьцаа үзүүлэлт нь 45.63-тай байгаа нь нилээдгүй өндрөөр үнэлэгдсэн байж болохоор харагдаж байна.
Тус салбарын хамгийн өндөр үнэлгээтэй компаниар бидний сайн мэдэх “Nvidia Corporation” (PE 45.18) 4.44 их наяд ам.доллароор тэргүүлж байгаа бол “Broadcom Inc” (PE 96.48) 1.78 их наяд ам.доллароор удаалж байна.
📣Хөрөнгө оруулагч та гадаад хувьцаанд хөрөнгө оруулалт хийхээр сонирхож байгаа бол юун түрүүнд тухайн компанийн үйл ажиллагаа эрхэлж буй салбар, цаашдын өсөлтийн потенциалыг анхааран судлах нь нэн чухал юм.
✅Та бүхэн энэхүү мэдээллийг 7 хоног бүр имэйлээр хүлээн авахыг хүсвэл дараах линкээр имэйл хаягаа бүртгүүлээрэй 👇
https://dashboard.mailerlite.com/forms/1498534/155432022772286687/share
✅Та бүхэн дотоод хувьцааны талаар мэдээлэл авч арилжаанд оролцохыг хүсэж байвал дараах линкээр мэдээллээ бөглөнө үү.
https://forms.office.com/r/kG33uwiF55
Холбогдох утас ☎️ 7777-6377

