Хятадын барилгын салбарын хоёр дахь том компани болох “China Evergrande Group”-ын Хонг Конгийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны арилжаагаа түр зогсоолоо.
Санхүүгийн шинжээчид “China Evergrande Group”-ийн хямралыг 2011 оноос хойш ажиглагдсан Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтын эхлэл цэг гэж харж байна. Тус групп нийт 300 тэрбум ам.долларын өрийн дарамтад орсон нь зөвхөн манай урд хөршийн эдийн засаг төдийгүй дэлхийн санхүүгийн зах зээлд эрсдэл учруулж байна. Өнгөрсөн оны 10-р сард БНХАУ-ын Төв банк үл хөдлөх хөрөнгийн салбарын өрийн хямралыг зогсоох зорилгоор арилжааны банкуудад бэлэн мөнгө нийлүүлэх арга хэмжээг авч, “China Evergrande Group”-ийн дотоодын бондын өрийг цэгцлэх асуудлыг эхлүүлсэн ч тус салбар эргэн уналтад ороод байна.
Нэгэн цагт Хятадын хамгийн их борлуулалттай бүтээн байгуулагч байсан бөгөөд одоо үл хөдлөх хөрөнгийн салбарт урьд өмнө тохиолдож байгаагүй хөрвөх чадварын хомсдолд ороод буй “China Evergrande Group” 2022 оны 1-р сарын 3-ны өдрийн 09:00 цагт компанийн хувьцааны арилжааг компани “дотоод мэдээлэл агуулсан мэдэгдэл” гаргах хүртэл түр зогсоосон хэмээн мэдэгдээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор өгөөгүй байна.
(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)
Ашигласан эх сурвалж: investing.com, hkexnews.hk