Түмэн шувуут ХК-ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнгөрсөн бямба гарагт болж өнгөрсөн билээ. Хувьцаа эзэмшигчид та бүхэнд хурлаар хэлэлцсэн асуудлуудаас 10 зүйлийг онцлон хүргэж байна.
- Түмэн шувуут ХК нь 2024 онд өмнөх оны мөн үеэс борлуулалтын орлого 83.4 тэрбум төгрөгт хүрч, 33.0%-иар, цэвэр ашиг 15.1 тэрбум төгрөгт хүрч, 32.0%-иар тус тус өссөн “сайн” үзүүлэлттэй ажилласан байна. Ашгийн маржин 18.0%-тай байгаа нь төлөвлөсөн хэмжээнд амжилттай биелсэн байна.
- Компанийн нийт зардлын 60-65%-ийг улаанбуудай, эрдэнэшиш, шар буурцагны шахдас зэрэг тэжээлийн зардал эзэлдэг байна.
- Өндөг үйлдвэрлэл 143.8 сая ширхэгт хүрч, өмнөх оны мөн үеэс 27.0%-иар, үйлдвэрлэсэн тэжээл 35.0 мянган тонн болж, 38.0%-иар тус тус нэмэгдсэн бол өндөглөгч шувууны тоо 587,059 ширхэг болж нэмэгдсэн байна.
- Тус компани өнөөдрийн байдлаар дотоодын өндөгний зах зээлийн 40%-г нийлүүлж байгаа бол 2025 онд “Түмэн шувуут 3” төслийг 100% дуусгаж, шувууны тоог 1,000,000 ширхэгт хүргэснээр дотоодын зах зээлд эзлэх хэмжээг 50%-д хүргэх төлөвлөөгөөтэй байгаа талаар мэдээлсэн.
- Нэг цагт 40,000 ширхэг өндөг дамжуулах хүчин чадалтай “Өндөг савлагч” бүрэн автомат машиныг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн ба ингэснээр 17 хүний ажлын байрыг хэмнэсэн байна.
- Агрофийд тэжээлийн үйлдвэрт тоног төхөөрөмжийн өргөтгөл шинэчлэл хийгдэж, хүчин чадлыг 30%-иар нэмэгдүүлсэн байна.
- Компани 2025 онд “Түмэн шувуут 3” төслийн үргэлжлэлд 10 тэрбум ₮, “тэжээлийн үйлдвэрлэлийн өргөтгөл”-д 0.8 тэрбум ₮, “төв агуулахын өргөтгөл”-д 1.5 тэрбум ₮-ийг тус тус зарцуулах хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг танилцуулав.
- Түмэн шувуут ХК нь эдгээр бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэсэн талаар тайлбар өгсөн бөгөөд “1 тэрбум” төгрөгийн хувьцаа халааслах хөтөлбөрийн хүрээнд зах зээл дэх хувьцааны тоог бууруулж, хөрөнгө оруулагчдын хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой байгаа талаар мэдээлсэн.
- Хөрөнгө оруулагчид, олон нийт Түмэн шувуут ХК-ийг зөвхөн өндөглөгч тахианы үйлдвэр гэдгээр нь мэддэг бол тус компанийн бүрэлдэхүүн хэсэгт агрофийд тэжээлийн үйлдвэр, усалгаатай газар тариалангийн компани, өндөгний сав баглааны үйлдвэр, органик бордооны үйлдвэрүүд багтдаг тухай удирдлагаас онцоллоо. Цаашид агрофийд тэжээлийн үйлдвэрт илүү анхаарал хандуулж ажиллах талаар мэдээлэл өгөв.
- Мөн тус ХЭХ-ын үеэр Монголын хөрөнгийн зах зээл, Бондын хөрөнгө оруулалт, Уншихуйн гайхамшиг, Хүүхдийн ирээдүйд оруулах хувь нэмэр, Эрчим хүчний шинэ эх үүсвэр метан хийн олборлолт зэрэг сэдвүүдээр салбартаа тэргүүлэгч залуусыг урьж, илтгэл тавиулсан нь хувьцаа эзэмшигчдийн талархлыг хүлээсэн байна.