“Аpple” (NASDAQ: AAPL) компани нь тахлын улмаас үүссэн дэлхийн чипний хомсдолыг үл харгалзан 2021 оны дөрөвдүгээр улирлын үр дүнг төсөөллөөс давуулан биелүүлсэн тухайгаа тайлагналаа. Улмаар өнгөрөгч 1 сарын 27-ны өдөр “Apple” компанийн хувьцааны үнэ 5%-иар өссөн байна.
“Apple” компанийн борлуулалтын орлогыг шинжээчид 118,68 тэрбум доллароор таамаглаж байсан бол төсөөллөөс 4.4%-иар давж 123.95 тэрбум долларын орлого олжээ. Харин нэгж хувьцаанд ногдох ашигийг (EPS) 1,89 доллар байна гэж таамагласан бол тайлангийн үр дүнгээр 2.10 долларт хүрээд байна.
Борлуулалтын орлого өмнө улирал буюу 2021 оны гуравдугаар улиралтай харицуулахад 11%-иар өссөн бөгөөд үүн дундаа “Mac”-ийн борлуулалт 12%-иар өссөн бол “iPhone”-ийн борлуулалт улирал эхлэхээс хэд хоногийн өмнө зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн “iPhone 13” гар утасны борлуулалтаас хамаарч 9%-иар өссөн байна. Apple Pay, App Store болон ТВ стриминг үйлчилгээ зэрэг компанийн бусад үйлчилгээний нэгжийн орлого 23%-иар өссөн үзүүлэлттэй байна. Харин “iPad” нийлүүлэлтэд микрочипийн хомсдолын асуудал онцгой нөлөөлсөн бөгөөд борлуулалт нь 14%-иар буурсан үзүүлэлттэй гарчээ. Улмаар “Apple” компанийн ашиг 34.6 тэрбум доллар буюу өнгөрөгч улирлаас 20%-иар өссөн гэж мэдээллээ.
(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)
Ашигласан эх сурвалж: bbc.com, investing.com