Skip links

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН БУХ БА БААВГАЙ ЗАХ ЗЭЭЛИЙН МӨЧЛӨГ

Бух зах зээл (Bull Market) ба Баавгай зах зээл (Bear Market) нь хөрөнгийн зах зээлийн урт хугацааны чиг хандлагыг тодорхойлдог хоёр үндсэн ойлголт юм.

  • Бух зах зээл: Хөрөнгийн зах зээлийн үнэ тогтвортой, урт хугацаанд өсөх чиглэлд байгаа үе бөгөөд ихэвчлэн суурь доод түвшнээсээ 20%-иас дээш өссөн бол бух зах зээлийн эхлэл гэж үздэг.
  • Баавгай зах зээл: Хөрөнгийн зах зээлийн үнэ тогтвортой, урт хугацаанд буурах чиглэлд байгаа үе бөгөөд оргил дээд цэгээсээ 20%-иас дээш унасан бол баавгай зах зээлийн эхлэл гэж үздэг.

Монголын хөрөнгийн зах зээлийн ТОП-20 индексийн 2012–2025 оны өгөгдлөөс дараах “баавгай” ба “бух” зах зээлийн мөчлөгүүдийг тооцоолж гаргав:

ТОП-20 индексийн өдөр тутмын түүхэн ханшийн мэдээллийг ашиглан дээрх хязгаарлалт бүрдсэн эхлэл ба төгсгөлийн цэгүүдийг тодорхойлсон. Тодруулбал, тухайн сегмент эхлэх үед индексийн хамгийн доод буюу дээд цэгийг тогтоож, дараагийн эсрэг чиглэлийн хөдөлгөөн 20%-д хүрэх хүртэлх хугацаа болон хувийн өөрчлөлтийг тооцоолсон болно.

Өсөлтийн мөчлөг

  • 2010-аад оны эхээр Монголын хөрөнгийн зах зээлийн хувьцааны үнэ эрчимтэй өсөлттэй байв. Тухайлбал, 2011 онд ТОП-20 индекс жилийн эхний хагаст огцом өсч, жилийн эцэст 21687.57 нэгжид хүрсэн нь өмнөх оныхоос 46.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт байлаа. Энэ үед уул уурхайн компаниудын үнэлгээ өсч, хөрөнгө оруулалтын идэвхжил нэмэгдсэн нь өсөлтийн гол хөшүүрэг болсон.
  • 2021 онд ТОП-20 индекс өмнөх уналтын дараа эрч сэргэсэн бөгөөд жилийн эцэст 44411.60 нэгжид хүрч, өмнөх оны мөн үеэс 130.3 хувиар өссөн байна. Энэ нь эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, гадаад валютын орчны тогтвортой байдал болон Оюу Толгой зэрэг томоохон төслүүдийн борлуулалтын өсөлттэй холбоотой байв.
  • 2024 онд Монголын Хөрөнгийн Биржийн мэдээлснээр ТОП-20 индекс 12 дугаар сарын 31-ний байдлаар түүхэн дээд 51296.39 нэгжид хүрч, зах зээлийн үнэлгээ анх удаа 13 их наяд төгрөг давсан. Үүний дараа 2025 оны 2-р сард өсөлт үргэлжилж, индекс 54018.32 нэгжид хүрсэн нь түүхэн дээд амжилт тогтоосон үзүүлэлт болсон.

Өсөлтийн мөчлөгүүд нь ихэвчлэн хөрөнгийн зах зээлд идэвхжилт нэмэгдсэнтэй давхцдаг бөгөөд энэ нь түүхий эдийн үнэ өсөх, гадаад худалдааны эрэлт нэмэгдэх, мөн дотоод бодлогын эерэг өөрчлөлтүүдийн үр дүнд бий болдог байна.

Бууралтын мөчлөг

Монголын хөрөнгийн зах зээл нь өсөлтийн дараа гүнзгий бууралтыг туулсан үе олон ажиглагддаг.

  • 2012–2013 онд төрийн бодлого, олон улсын зах зээлийн сулрал зэрэг хүчин зүйлсийн улмаас ТОП-20 индекс буурсан. Тухайлбал, 2013 онд индекс 16301.81 нэгжид хаагдаж, өмнөх оныхоос 7.4 хувиар буурсан байна. Энэ үед дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл суларч, олон улсын зах зээл дээр металлын үнэ буурсан нь уналтыг улам түргэсгэсэн. 2014–2016 онд валютын ханшийн савлагаа, дотоодын хөрөнгө оруулалтын саатал, макро эдийн засгийн хүндрэл зэрэг хүчин зүйлс нөлөөлснөөр хөрөнгийн зах зээл дарамттай хэвээр байв.
  • 2020 онд Ковид-19 цар тахлын улмаас дэлхийн эдийн засагт хүндрэлийн үед Монголын хөрөнгийн зах зээлд шууд нөлөөлж, гадаад хөрөнгө оруулалт саарч, олон салбарын үйл ажиллагаа доголдсоноор ТОП-20 индекс огцом уналттай тулгарсан.
  • 2022 онд дэлхийн эдийн засгийн нөхцөл хүндрэн, барууны төв банкууд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, бодлогын хүүгээ өсгөсөн нь хөрөнгийн зах зээлүүдэд хүчтэй дарамт болсон.

🧐 Олон улсын болон дотоод хүчин зүйлс

Хөрөнгийн зах зээлийн мөчлөгийг ерөнхийдөө гадаад болон дотоод хүчин зүйлсийн огтлолцлоор тайлбарлаж болно. Өндөр инфляцын үед АНУ болон Европын төв банкууд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь дэлхийн хөрөнгийн зах зээлд огцом савлагаа бий болгосон. Энэ нь Монголын зах зээлд шууд нөлөөлж, хөрөнгө оруулалтын орчинд эрсдэл нэмэгдүүлсэн. Мөн дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч, түүхий эдийн эрэлт буурсан нь Монголын экспортод дарамт учруулж, үүн дээр нэмэгдэн олон улсын зах зээл дээрх зэс, нүүрс зэрэг гол бүтээгдэхүүний үнэ зогсонги байдалд орж, зарим үед буурсан нь уул уурхайн компаниудын үйл ажиллагаа болон үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн. Дотоод хүчин зүйлсийн хувьд валютын ханшийн савлагаа, инфляцын түвшин, төсвийн алдагдал, банк санхүүгийн салбарын тогтворгүй байдал зэрэг нь хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдлыг алдагдуулдаг бол томоохон төслүүдийн хэрэгжилт удаашрах, Засгийн газрын их хэмжээний зарцуулалт болон гадаад өрийн нэмэгдэл, төгрөгийн ханшийн хэлбэлзэл нь гол нөлөөг үзүүлдэг байна.

📌 Дүгнэлт:

  • Цикл ба зах зээлийн мэдлэг: Хөрөнгийн зах зээлийн өргөн хүрээний мөчлөгүүд нь олон хүчин зүйлээр тодорхойлогддог тул хөрөнгө оруулагчид зах зээлийн мөчлөгийн шинж чанарыг ойлгох нь чухал. Өсөлтийн үед ашиг хүртэж, уналтын үед эрсдэлийг багасгах судалгаа, олон талын мэдээлэлд суурилан шийдвэр гаргах нь оновчтой юм.
  • Стратеги: Хөрөнгө оруулагчид богино хугацааны үнийн хэлбэлзлээс бус, компаний үнэ цэнийн үндсэн үзүүлэлтийг анхаарч, урт хугацааны хөрөнгө оруулалтын стратегийг барих нь зөв сонголт болдог. Жишээ нь зах зээл унасан үед ч сайн компаниудын хувьцаанд хөрөнгө оруулах боломж байдаг.
  • Мэдээллийн ач холбогдол: Мэдээллийн хүртээмж, ил тод байдал нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад чухал нөлөөтэй. Олон улсын нөхцөл байдал (жишээлбэл, улс хоорондын худалдааны чиг хандлага, төв банкуудын мөнгөний бодлогын өөрчлөлт) болон дотоодын бодлого, шийдвэрүүд (төсвийн бодлого, банк санхүүгийн тогтвортой байдал, томоохон төслүүдийн хэрэгжилт) тухай мэдээллийг тогтмол судалж, үнэлэх нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийг зөв тооцоход тусалж, улмаар зах зээлд итгэх итгэлийг бэхжүүлдэг.
  • Хөрөнгийн зах зээлд өсөлт ба уналт ээлжлэн тохиолддог тул богино хугацааны хэлбэлзэлд автахгүй, урт хугацаанд тэсвэртэй хандах нь чухал. Өсөлтийн мөчлөгийн үед хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртэх боломж ихэсдэг бол уналтын үед үнэт цаасыг харьцангуй хямд үнээр худалдан авах нөхцөл бүрддэг. Иймд хөрөнгө оруулагчид мөчлөг бүрийг боломж гэж харж, эрсдэлээ удирдан урт хугацааны төлөвлөгөөгөө баримтлах нь оновчтой хөрөнгө оруулалт байхаар байна.

✅Та бүхэн дотоод хувьцааны талаар мэдээлэл авч арилжаанд оролцохыг хүсэж байвал дараах линкээр мэдээллээ бөглөнө үү.
https://forms.office.com/r/kG33uwiF55

✅Та бүхэн энэхүү мэдээллийг 7 хоног бүр имэйлээр хүлээн авахыг хүсвэл дараах линкээр имэйл хаягаа бүртгүүлээрэй 👇
https://dashboard.mailerlite.com/forms/1498534/155432022772286687/share

Хуваалцах:

Бусад мэдээлэл