“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнгөрсөн 7 хоногт буюу 4 сарын 21-нд болж өнгөрсөн билээ. Хувьцаа эзэмшигчид та бүхэнд хурлаар хэлэлцсэн асуудлуудаас 10 зүйлийг онцлон хүргэж байна
- 2025 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний санал (төлөвлөгөө)-ыг 2024 оны 12-р сард бэлтгэсэн бөгөөд хэдий одоогоор нүүрсний үнэ унасан нөхцөл байдалтай байгаа ч бид уг төлөвлөгөөнд заасан зорилтот түвшнийг өөрчлөлгүй оруулж ирэн батлуулж байна.. Тиймээс энэхүү төлөвлөгөөний биелэлтэд хүрэхэд удирдлага, хамт олны зүгээс нилээдгүй хүчин чармайлт гаргах шаардлагатай байгааг танилцуулга хийх үеэр дурдсан болно.
- Өнгөрсөн оны 04-р сард биржээр хамгийн өндөр буюу 1.8 их төгрөгийн арилжаа хийгдсэн байна.
- МХБ-ийн 2012 онд 9.4 тэрбум төгрөгөөр худалдан авсан “МIT систем” нь 2021 онд бүрэн элэгдэж дууссан (дансны бүртгэл) ба компанийн зүгээс тус системийг дахин үнэлгээ хийлгэн (6.8 тэрбум төгрөг) үргэлжлүүлэн ашиглаж байна (2024 жилийн эцсийн байдлаар 5.8 тэрбум төгрөг).
- “МIT” системийг нийлүүлэгч “LSEG” компанийн зүгээс уг систем нь хуучирч, ашиглахаа больсон учир цаашид үйлчилгээ үзүүлэх боломжгүй тухай албан тоотыг 2024 оны 06-р сард ирүүлсэн ба МХБ-ийн зүгээс яриа хэлэлцээр хийсний үр дүнд 2026 оны 03-р сарыг дуусталх хугацаагаар гэрээг сунгасан тухай мэдэгдсэн.
- Сангийн яамнаас 2024 оны 11-р сарын 22 өдрийн 212 тоот Сангийн сайдын тушаалаар “Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг системийн уялдаа холбоог хангах, цогц шинэчлэлийг эхлүүлэх (МХБ, ҮЦТХТ, МҮЦКТ 3 байгууллагыг нэгдсэн байдлаар “шинэ систем” нэвтрүүлэх) талаар судалж, холбогдох санал дүгнэлтийг гарган, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна.
- Тус хурлаар МХБ-ийн үндсэн үйл ажиллагаанд ашигладаг үнэт цаасны арилжааны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны системийн талаар тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг ТУЗ-д зөвшөөрсөн болно. Ийнхүү шинэ систем нэвтэрснээр “маржин арилжаа”, “шорт буюу хувьцаа зээлж зарах арилжаа”, “УУББ-ийн үүсмэл үнэт цаасны арилжаа” зэрэг зах зээлд эрэлттэй байгаа арилжаануудыг нэвтрүүлэх боломж бүрдэх тухай мэдээлэл өгсөн.
- МХБ нь олон нийтээс татан төвлөрүүлсэн (2022.12) санхүүжилтаас 6.65 тэрбум төгрөгийн зарцуулалт хийгдээгүй үлдсэн бөгөөд 2025 онд мөн хөрөнгө оруулалтын зардалд 4.86 тэрбум төгрөг тусгаад байна.
- 2024 оны жилийн эцсийн тайланд Үндэсний Аудитын Газраас аудит хийсэн бөгөөд уг дүгнэлтээр “Өөрчлөлтгүй дүгнэлт” буюу холбогдох хууль, дүрэм, ОУ-ын стандартын дагуу үнэн зөв илэрхийлсэн тухай дурдсан байна.
- Хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг сан буюу ETF (Exchange-Traded Fund)-г арилжаалах асуудлын хувьд 2024 оны 5 сард шинэчлэгдсэн хуулийн хүрээнд боломжтой болсон бөгөөд системийн хөгжүүлэлт хийгдсэнээр 2025 онд хэрэгжинэ гэсэн хүлээлттэй байгаа талаар мэдээлэл өгсөн.
- Түүнчлэн мэдээллийн ил тод байдал, хувьцаат компаниудын мэдээллийн чанарыг сайжруулах үүднээс Монголын Хөрөнгийн Биржийн цахим хуудас шинэчлэгдэж хөрөнгө оруулагч цэстэй болох талаар мэдэгдэв.