АНУ-ын Засгийн газрын зүгээс цахим худалдааны тэргүүлэгч компани болох “Alibaba”-ийн АНУ дахь үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэгч компанийг шалгаж байгаа бөгөөд компани нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа эсэхийг тогтоохоор ажиллаж буйгаа мэдэгдлээ.
Энэхүү шалгалтын гол зорилго нь тус компани АНУ дахь үйлчлүүлэгчдийн хувийн мэдээлэл, оюуны өмч зэрэг мэдээллийг хэрхэн хадгалдаг, Хятадын засгийн газарын зүгээс тэдгээрт нэвтэрч чадах эсэх зэрэг асуудлыг тодруулах явдал юм гэж мэдээлэв.
Өмнө нь АНУ-ын эрх баригчдийн зүгээс Хятадын харилцаа холбооны хамгийн том үйлдвэрлэгч “Huawei” компанид хориг арга хэмжээ авсны улмаас тус компанийн борлуулалт огцом буурч байсан. Үүний адилаар “Alibaba”-ийн АНУ дахь үүлэн технологийн компанийн үйлчилгээг зогсоох шийдвэр гаргавал энэ нь компанийн ашиг орлогод хохирол учруулаад зогсохгүй компанийн хамгийн ирээдүйтэй салбарыг зогсоосноор компанийн нэр хүндэд бүхэлд нь цохилт өгөхөд ойрхон байна.
(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)
Ашигласан эх сурвалж: cnbc.com