Манай улсын 2025 оны эхний 2 сарын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 10.5%-иар буурч, 2,004.9 сая ам долларт, импорт 7.2%-иар өсөж, 1,710.9 сая ам долларт тус тус хүрсэн байна.

🧐🧐ОНЦЛОХ НЬ :
- Чулуун нүүрсний экспорт биет хэмжээгээр өнгөрсөн оны мөн үеэс 3.5%-иар буурч, 10.6 сая тоннд хүрсэн бол хүрэн нүүрс 306.7%-иар нэмэгдэж, 1.3 сая тонн болсон байна. Үнийн дүнгийн хувьд чулуун нүүрсний үнийн дүн 35.7%-иар буурч, 858.8 сая ам.доллар (нийт экспортын 45.0%-ийг бүрдүүлж буй) болсон бол хүрэн нүүрсний хувьд 244.4%-иар нэмэгдэж, 46.0 сая ам.долларт (нийт экспортын 2.0%-ийг бүрдүүлж буй) хүрсэн байна.
- Харин манай улсын экспортын бүтээгдэхүүний гол худалдан авагч БНХАУ-ын 2025 оны эхний 2 сарын гадаад худалдааны мэдээгээр тус улсын чулуун болон хүрэн нүүрс импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 2.1%-иар нэмэгдэж, 76.1 сая тоннд хүрч өссөн байна.
- Бусад эрдэс бүтээгдэхүүний экспорт, тэр тусмаа зэсийн хүдэр, баяжмалын үнийн дүн 24.3%-иар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспортын үнийн дүн 688.1%-иар буюу ойролцоогоор 8 дахин нэмэгдсэн байна.
📌📌ДҮГНЭВЭЛ:
- Энэхүү статистик мэдээнээс харахад чулуун болон хүрэн нүүрсний биет эрэлт хадгалагдсаар байна. Мөн чулуун нүүрсний хувьд коксжих чанар, дэгдэмхий бодисын агууламж, үнслэгийн хэмжээ зэрэг хэд хэдэн үзүүлэлтээр чанарын хувьд өөр хоорондоо ялгаатай байдаг тул үнийн хувьд өөр өөрөөр тогтдог болохыг онцлох нь зүйтэй.
- Алтны экспорт ийнхүү нэмэгдсэн нь геополитик, дайн, худалдааны тарифын зөрчил зэргээс үүдэлтэй дэлхийн зах зээл дээрх алтын ханш өндөр (аюулгүй хөрөнгө оруулалт) өсөлттэй байгаатай холбогдуулан Монгол улсаас алтны экспортыг нэмэгдүүлсэнтэй холбоотой байна.