- АПУ ХК ирээдүйн зорилго, зорилттой уялдуулан эрхэм зорилго, алсын хараа, уриа үгээ шинэчлэн өөрчилсөн байна. 100 жилийн босгон дээр Монгол гэрийн бүтцэд тулгуурласан 5 баганат бодлогыг гарган “Бахархалт Mонгол 2030” тогтвортой хөгжлийн стратегийг боловсруулсан байна.
- Борлуулалтын орлого 1.3 их наяд хүрч, өмнөх оны мөн үеэс 20.5%-иар өссөн нь түүхэн өндөр үзүүлэлт болсон байна. Компанийн засаглалын кодексын хэрэгжилтийн үнэлгээгээр нийт хувьцаат компаниудаас 4-р байранд эрэмбэлэгджээ.
- Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний төрөл 608-д хүрч өмнөх оноос 18.5%-иар өссөн байна. Орчин үеийн чиг хандлага, өөрчлөлтөд тулгуурлан судалгаа шинжилгээтэйгээр хатуулаг багатай бүтээгдэхүүн үйлчилгээний төрөлд түлхүү анхаарч ажиллаж байна. 16 нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн, 7 нэр төрлийн хатуулаг багатай бүтээгдэхүүн, 50 гаруй шинэ савлагааны төрөлжилт хийж гүйцэтгэсэн байна.
- АПУ ХК сүүний салбарт ногоон үйлдвэрлэлийг эрчимжүүлэхээр Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банктай 40$ сая долларын санхүүжилтийн гэрээ байгуулсан байна. Үүний үр дүнд “АПУ дэйри” сүүний үйлдвэрийн хүчин чадал 2.0-2.5 дахин нэмэгдэх боломжтой талаар дурдсан.
- АПУ компанийн үйлдвэрүүд, АПУ Дэйри ХХК болон М-Би-Си Азиа Пасифик ХХК-ийн үйлдвэрээс гарч байгаа технологийн хаягдал усыг боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлсэн бөгөөд 2026 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хоногт 800 тн буюу 1300 м3 саарал усыг дахин ашиглаж, буцаан ахуйн зориулалтаар ашиглах боломжийг бүрдүүлж байгаа нь Монгол Улсын хувьд анхдагч болох талаар мэдээлэл өгсөн байна.
- 2024 оны байдлаар АНУ, БНХАУ, БНСУ, Тайланд, ОХУ, Казакстан, Польш, Итали, Швейцар тэргүүтэй 4 тивийн 12 оронд экспортын үйл ажиллагаа явуулж байна.
- Хүний нөөцийн урамшуулал хөнгөлөлтийн цогц систем бүхий “NOVA EMPLOYEE LOYALTY” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
- Ногдол ашгийн тодорхой нээлттэй бодлогыг хэрэгжүүлж байна. Ногдол ашгийг 2020 оноос хойш жил бүр 2 удаа тогтмол тарааж байгаа бөгөөд 2005 оноос хойш 692.2 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигч нартаа хуваарилсан байна.
- Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийн талаар компанийн зүгээс эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд олон улсад үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний өртгийг Монгол улсад үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний өртөгтэй харьцуулах нь өрөөсгөл ба 25%-30%-ийн ялгаатай байх талаар өөрсдийн судалгааны үр дүнг мэдэгдэв. Түүнчлэн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн хувьд том сорилт учирна гэж үзэж байгаа талаар онцоллоо.
- Бүтээгдэхүүний өртөг хэмнэх бодлого болон багцын бүтээгдэхүүний борлуулалтын бодлого хэрэгжүүлж ажилласнаар 2024 оны хувьд бүтээгдэхүүн борлуулалтын тоо хэмжээ өмнөх онтой харьцуулахад өөрчлөлтгүй байгаа хэдий ч борлуулалтын орлогыг түүхэн өндөр хэмжээгээр өсгөсөн байна.