УУББ-ээр тус биржээр арилжаалагдсан хувьцаат компаниуд болон түүний эзэмшил бүхий компаниудын борлуулалтыг өмнөх оны мөн үетэй харьцуулан харахад дараах байдалтай байна.

Дээрх зургаас харахад Хонг Конгийн биржид бүртгэлтэй Монголиан Майнинг Корпорэйшн ХК (SEHK: 975)-ийн 100.0%-ийн эзэмшил Энержи ресурс ХХК болон 80.0%-ийн эзэмшилтэй Хангад Эксплорэйшн ХХК-ийн арилжаа нийлбэр дүнгээр өнгөрсөн оны мөн үеэс ойролцоогоор 38.9%-иар буурч, 2.9 сая тонн болсон бол Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, хөрөнгө оруулагчдын хэлж заншсанаар “жижиг тавантолгой” буюу орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн борлуулалт ӨОМҮ-ээс 2.6 дахин нэмэгдэж, 5.0 сая тонн болсон байна.
Харин Монгол улсын иргэн бүрийн хувь эзэмшдэг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн биржээр хийгдсэн арилжааны хэмжээ ӨОМҮ-ээс 14.8%-иар буурсан байгаа нь цаашид ил тод байдлыг нэмэгдүүлэх хүрээнд батлагдсан УУББ-ийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлага өндөр байгааг илтгэж байна.
Ийнхүү биржийн арилжаа энэ онд тоо хэмжээний хувьд өмнөх оноос өссөн ч нүүрсний дундаж үнэ ойролцоогоор 32.2%-иар буурсан нь арилжааны нийт үнийн дүн буурахад нөлөөлсөн байна. Хэдий биржийн арилжааны гүйцэтгэл энэ оны эхний хагаст тааруухан байсан ч сүүлийн хагас жилд эрс сэргэсэн нь хөрөнгө оруулагчдын болоод Монгол улсын Засгийн газрын хувьд таатай мэдээ болоод байна.







