Skip links

Хормузын хоолой – Зөвхөн газрын тосны асуудал биш 

Сүүлийн 2 долоо хоногийн турш (2026.03.16) Ойрх Дорнодод өрнөөд буй дайны нөхцөл байдал ойрын хугацаанд дуусах магадлал улам багасаж байгаа нь хөрөнгө оруулагчдын санааг чилээж байгаа бол энэ удаагийн дугаарт бид “Хормузын хоолой” хаагдсан нь газрын тосноос бусад салбаруудад хэрхэн нөлөөлж болох талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Газрын тосны томоохон үйлдвэрлэгч Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Кувэйт, Катар, Бахрaйн, Иран зэрэг Персийн булангийн орнуудын голлох экспортууд тус хоолойгоор дайран өнгөрдөг ч энэхүү хоолой хаагдсанаар зөвхөн газрын тос бус дараах төрлийн бүтээгдэхүүний үнэ, ханшинд томоохон нөлөө үзүүлж байна. Үүнд:

  1. Газрын тосноос гаргаж авдаг бусад дайвар бүтээгдэхүүн (барилгын дулаалгын материал гэх мэт олон төрөл, зүйл бүхий)
  2. Байгалийн хий
  3. Бордоо (үр, тариа)
  4. Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдийн нэг “Helium”
  5. Далайн болон агаарын тээврийн зардал
  6. Бусад

Тус бүс нутаг нь дэлхийн газар тариалангийн бордоо (urea, ammonia, sulfur гэх мэт) үйлдвэрлэл, түүхий эдийн томоохон нийлүүлэгч (16-18%) бөгөөд зарим төрлийн бордоо (urea)-ны үнэ өнгөрсөн сараас 30 орчим хувиар нэмэгдсэн байна. Энэхүү үнийн өсөлт нь тариалалт эхэлж буй үетэй давхцаж байгаа нь дэлхийн зах зээлд томоохон сорилтыг бий болгоод байгаа төдийгүй ирэх намрын ургацын хэмжээнд нөлөөлж магадгүй байна.

Түүнчлэн энэхүү хоолойгоор шингэрүүлсэн байгалийн хий (LNG)-н 20 орчим хувь дайран өнгөрдөг бөгөөд байгалийн хийн хэрэглээ өндөр улс орнуудад үнийн дарамт хэдийн мэдрэгдэж эхлээд байна.

Байгалийн хийн дайвар бүтээгдэхүүний нэг болох орчин үеийн өндөр технологи (хагас дамжуулагч, МRI аппарат гэх мэт)-ийн чухал түүхий эд “Гели” (helium)-ийн нийлүүлэлтийн 1/3-ийг Катар улс дангаар хангадаг бөгөөд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд хэрэглэдэг гелийн томоохон 2 үйлдвэрийн 1 (Ras Laffan energy hub) нь тус улсад байрладаг байна. Харин Иран улсаас АНУ-ын цэргийн баазууд байрладаг булангийн орнуудад цохилт өгсөн бөгөөд энэхүү цохилтод тус үйлдвэрийн хот өртсөн нь нийлүүлэлтийн тасалдал үүсэхэд хүргээд байна.

Тус зэвсэгт мөргөлдөөний улмаас агаарын болон далайн тээврийн замд өөрчлөлт гарах, тойрох, эрсдэлийн түвшин нэмэгдэж буйтай холбоотой даатгалын болон бусад зардал өсөх хандлагатай байгаа нь цаашид ачаа тээврийн зардал нэмэгдэх суурь нөхцөл болж байна.

Хэдий тус хоолойгоор дэлхийн нийт газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн 1/5 орчим дайран өнгөрдөг ч энэ бүс нутгаас гарсан бүтээгдэхүүний 80 гаран хувь нь Азийн зах зээл, тэр дундаа БНХАУ, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг улсуудад нийлүүлэгддэг байна.

Дээрх мэдээллээс харахад АНУ-Израйлийн хамтарсан цэргийн хүч Иранд халдан довтолсон нь зөвхөн тухайн бүс нутгийн зөрчил гэхээс илүүтэй глобал нийлүүлэлтийн сүлжээнд томоохон цохилт өгсөн үйл явдал боллоо. Энэ нь дан ганц газрын тос бус бусад таваарын бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт саатах, цаашид инфляц өсөх магадлалыг нэмэгдүүлж, эдийн засаг (Төв банкны бодлого, эдийн засгийн өсөлт), гео-улстөр (барууны, азийн болон бусад холбоотон улсаад)-ийн дам нөлөөллийг бий болгож байна.

Эх сурвалж: Дэлхийн эдийн засгийн форум, Олон улсын эрчим хүчний агентлаг, Chemical & Engineering news

Бусад мэдээлэл