ЯАГААД НЭЭЛТТЭЙ БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ЁСТОЙ ВЭ?

Хөрөнгө оруулалт гэдэг нь ашиг олох, хөрөнгөө өсгөх зорилгоор тодорхой нэг хөрөнгөд мөнгөө байршуулахыг хэлдэг. Хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө, банкны хадгаламж зэрэг хөрөнгө оруулалтын олон хувилбар бий. Эдгээр нь бүгд өөр өөрсдийн давуу болон сул талтай.   

Та бүхэнд өнөөдөр хөрөнгө оруулалтын нэг төрөл болох НЭЭЛТТЭЙ БОНД гэж юу вэ? түүний онцлогууд бусад хөрөнгө оруулалтаас ямар ялгаатай болохыг тайлбарлан хүргэе. Танд урт мэдээлэл харагдаж байгаа ч нээлттэй бондын талаарх ойлголтыг танд өгөх учраас дуустал нь уншаарай. 😊  

Бонд нь компани эсвэл Засгийн газар танаас хүүтэй мөнгө зээлэхийг хэлдэг бөгөөд эрсдэл багатай, тогтмол орлоготой үнэт цаас юм.    

Та бондын нэрлэсэн үнэ, хүү, хугацаа гэх 3 үндсэн нөхцөлийг харгалзан бондыг худалдаж авна. Таны мөнгийг зээлснийхээ төлөө бонд гаргагч нь тогтмол хүү төлөх ба заасан хугацааны дараа анх зээлсэн мөнгөө /нэрлэсэн үнэ гэх/ эргүүлэн төлөх зарчимтай. Жишээлбэл, та 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилд 18%-ийн хүүтэй, 1 жилийн хугацаатай бондыг 10,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэвэл хугацааны эцэст 1’800’000 төгрөгийн хүү, 10’000’000 төгрөгийн үндсэн төлбөрийг бонд гаргагч танд эргүүлэн төлнө гэсэн үг.  

Нээлттэй бондод хөрөнгө оруулалт хийхэд хэр их мөнгө хэрэгтэй вэ?

Тухайн бондыг гаргаж буй компанийн шийдвэрээс шалтгаалах боловч манай зах зээл дээр гарч буй нээлттэй бондуудын нэгж үнэ ихэвчлэн 100000 төгрөгөөс эхэлдэг. Тиймээс та тухайн нэгж үнээс дээш хэдэн төгрөгт ч хөрөнгө оруулах боломжтой.    

1. ЯАГААД ХАДГАЛАМЖ БИШ БОНД ГЭЖ?

Дээрх хүснэгтээс харвал нээлттэй бонд нь хүүгийн түвшин өндөр, хөрвөх чадвар сайтай, орлогын албан татвар 5% гээд олон давуу талуудыг танд санал болгоно.    

2022 онд инфляц сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшинд хүрснээр бодлогын хүү 6.5% – 13% болж өссөн нь 2023 оны эхэнд гарч буй тогтмол өгөөжтэй үнэт цаас буюу бонд, ХБҮЦ-нуудын хөрөнгө оруулагч нарт санал болгож буй хүүгийн түвшин нь түүхэн өндөр бодлогын хүү, хоёр оронтой инфляцын түвшнээс хамаарч оргил түвшиндээ хүрэхэд нөлөөлсөн. Иймээс хөрөнгө оруулагч нарт ойрын 10 жилд тохиолдоогүй өндөр өгөөжтэй, зохицуулалттай хөрөнгө оруулалтын хэрэгслийг худалдан авч хөрөнгийн үнэ цэнээ өсгөх боломжийг олгож байна. Ялангуяа өнөөдрийн инфляцын түвшин өндөр (2023.02 сар – 12.2%) байгаа үед та хөрөнгөө инфляцаас хамгаалах нь хөрөнгө оруулалтын наад захын ойлголт билээ.

2. ЯАГААД ЭРСДЭЛ БАГА ГЭЖ?

  • Өгөөжөө авах: Компанийн бонд нь хувьцаа болон бусад хөрөнгө оруулалттай харьцуулбал эрсдэл багатай, учир нь тухайн жилд таны хүртэх өгөөж тодорхойгүй байдаг. Харин бондын хувьд компанийн ашиг алдагдлаас үл хамааран анх тогтоосон хүүг тогтоосон хугацаанд төлнө. Компани дампуурах тохиолдолд хуулиараа өрийн хэрэгсэл буюу бонд эзэмшигч нь мөнгөө тэргүүн ээлжид нэхэмжлэх эрхтэй.       
  • Зохицуулалттай зах зээл: Нээлттэй бонд нь хүн бүрд нээлттэй учир Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржээс өндөр шалгууруудыг тавьж, тэдгээр шалгууруудыг хангасан компани бонд гаргаж чаддаг. Андеррайтерийн компани, Аудитын компани, Хуулийн фирм, Үнэлгээний компаниуд бонд гаргалтад оролцдог бөгөөд олон шат дамжлагыг давж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржээс зөвшөөрөл авснаар бонд гаргах эрхтэй болдог.     
  • Баталгаа: Тухайн бонд гаргагч нь барьцаа эсвэл баталгааг заавал гаргах журамтай байдаг. Өөрөөр хэлбэл эрсдэлийг бууруулж, эргэн төлөлтийг баталгаажуулдаг.  

3. БОНД ГАРГАГЧ КОМПАНИА СУДЛАХ

Компани нь үйл ажиллагааны цар хүрээгээ нэмэгдүүлэх зорилгоор санхүүжилт татдаг бөгөөд бонд нэгэн хэлбэр нь юм.    

Хөрөнгө оруулах компаниа сонгохдоо тус компанийн үйл ажиллагаа явуулж буй салбарын өсөлтийн боломж, тус компанийн зах зээл дээрх байр суурь, бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт, орлогоо нэмэгдүүлэх боломж, өрсөлдөгчийн судалгаа, компани засаглал сайтай эсэх, компанийн удирдлага, баг нь хэр туршлагатай эсэх, санхүүгийн зохистой шалгуур үзүүлэлтүүдийг хангасан эсэх, эрсдэлийн удирдлага гээд өргөн цар хүрээтэй мэдээллийг харгалзан үзэх шаардлагатай тулгардаг.

Гэхдээ эдгээр судалгааг хөрөнгө оруулалт, үнэт цаасны компаниуд таны өмнөөс хийсэн байдаг бөгөөд тус судалгааны материал нь 400 хуудаснаас дээш байдаг. Хэрэв та хүсвэл нээлттэй бондод хөрөнгө оруулахаас өмнө тус материалтай эсвэл хураангуйлсан PPT материалтай танилцах боломжтой байдаг. Мөн та үнэт цаасны компанид хандан дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбарыг аваарай.

Нээлттэй бондыг худалдан авах процесс:

  1. Үнэт цаасны дансаа нээх (dbx.ucc.mn)
  2. Өөрийн үнэт цаасны дансандаа мөнгөө байршуулах  
  3. Захиалгаа өгөх (Өөрийн бүртгэлтэй үнэт цаасны компанийн аппликэйшн эсвэл вэбсайтаар дамжуулан онлайнаар захиалгаа өгөх эсвэл тухайн үнэт цаасны компанийн брокерт хандан захиалгаа өгөх)    

Та нээлттэй бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорх формыг бөглөнө үү. Бид тантай удахгүй холбогдох болно.

https://forms.gle/hU6e4raCxCp5JD7D6

📞7777 – 6377

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin