“Голомт банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2026 оны 04-р сарын 06-ны өдөр Шангри-Ла зочид буудлын “Ballroom”-д 88.65%-ийн ирцтэйгээр зохион байгууллагдлаа. Тус хурлаар хэлэлцсэн асуудлуудаас онцлох 10 ишлэлийг дараах байдлаар бэлтгэн хөрөнгө оруулагч, харилцагчдадаа хүргэж байна. Банкны 2025 оны бизнесийн үйл ажиллагааны ажлын гүйцэтгэл бүх түвшинд өсөлттэй гарсан байна.

- Дижитал банкны чиглэлд иргэдийн банкийг илүү “AI” суурилсан байдлаар шийдэхээр холбогдох ажлууд /66 салбарт киоск машин суурилуулалт хийгдсэн/ хийгдэж байна.
- Тус банкнаас 2024 онд “Аpple Pay”-г, 2025 онд “Google Pay” -г тус тус нэвтрүүлж, төлбөрийн шинэ шийдлийг харилцагчдадаа санал болгосон. “SocialPay” ашиглан “Wechat QR” кодыг уншуулж, төлбөр тооцоогоо нэмэлт шимтгэлгүй хийгдэг боллоо. Мөн банкнаас 206.2 мянган “Виртуал карт” зах зээлд гаргасан нь НҮБ-ийн тогтвортой хөгжлийн зорилттой нийцэж байгаа төдийгүй 3.4 тэрбум төгрөгийн пластикийн зардлыг хэмнэсэн.
- Банкны зээлийн багцын 31%-ийг байгууллагын, 24%-ийг иргэдийн, 19%-ийг орон сууцны, үлдсэн 26%-ийг ЖДБ эзлэж байгаа нь эрсдэлийг удирдах боломжтой, тэнцвэртэй, төрөлжүүлсэн зээлийн багцын бүтцийг хадгалж ажилласан гэж үзэв.
- 2025 оны эздийн өмчийн өгөөж 23.8%, нийт активын өгөөж 2.3%-тай, цэвэр ашиг 330 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ашгийн төлөвлөгөө 300 тэрбум байсан бол санхүүгийн гүйцэтгэлээр 330 тэрбум болгож давуулан биелүүлсэн байна.
- Олон улсын зээлжих зэрэглэл тогтоох ТОП-3 байгууллага болох Moody’s (B1 тогтвортой), Fitch Rating (B+ тогтвортой), S&P Global (B+ Эерэг) агентлагуудаар тус тус зэрэглэл тогтоолгосон.
- 2025 онд тус банк нийт 550.0 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг өрийн хэрэгслээр дамжуулан олон улсын зах зээл дээрээс татан төвлөрүүлсэн байна. Эдгээр өрийн хэрэгслийг олон улсын зах зээлд гаргахад захиалгын хэмжээ давж биелэж байсан нь компанийн бизнесийн болон санхүүгийн үйл ажиллагаа хэрхэн олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгааг харуулж байна.
- Голомт банк нь МУ-ын шатахууны төлбөр тооцооны дийлэнх хувийг дангаар гүйцэтгэдэг бөгөөд ОХУ-д тавьсан хориг арга хэмжээний хүрээнд АНУ-ын “Төрийн депармтент”-аас “New York Melon” банкаар дамжуулан гүйлгээ хийх зөвшөөрлийг амжилттай авч чадсан.
- Голомт банкнаас 2025 онд чанаргүй зээлийн хувь хэмжээг бууруулахад анхаарч ажилласан бөгөөд энэ хүрээнд чанаргүй зээлийн хэмжээ 2.5%-д хүрсэн нь салбарын дундаж үзүүлэлтээс бага, чанаргүй зээлийн сангийн хүрэлцээ 101.7% байгаа сайн үзүүлэлт юм.
- Банк 2025 оны нийт ашгийн 19.6% хувийг ногдол ашиг хэлбэрээр тараасан бөгөөд энэхүү шийдвэрт ирэх жилүүдэд хийх бизнесийн тэлэлтийн потенциалыг харгалзан үзсэн тухай мэдээлэв.
- Олон улсын “BIG-4” аудитын байгууллагын 1 болох KPMG аудитын байгууллагаас Голомт банкны 2025 оны жилийн эцсийн тайланд өгсөн дүгнэлтээр олон улсын болон холбогдох бусад дүрэм журмын дагуу үнэн, бодитой илэрхийлсэн гэж дүгнэсэн байна.







