Skip links

🏆Тамирчны ялалт амар олддоггүй-тэй адил Үнэ цэнтэй хөрөнгө оруулалт ч бас амархан ирдэггүй🔥

Спортын дэвжээнд амжилт гаргадаг тамирчдын сэтгэлзүйн зарчмууд хөрөнгө оруулалтын талбарт ч үнэ цэнтэй байдаг төдийгүй хэрэгжүүлж болох чухал зарчмуудыг энэхүү мэдээндээ онцолж байна.        

Тамирчид хэрхэн амжилтанд хүрдэг вэ?

1. Өөрийгөө танин мэдэх, зорилгоо тодорхойлох

Дэлхийн хэмжээний тамирчид өөрийн чадвар, хүрэх хязгаараа бодитоор үнэлж, түүндээ тохирсон тодорхой зорилго тавьдаг. Үүнтэй адилаар хөрөнгө оруулагч хүн эхлээд өөрийн эрсдэл даах чадвар, санхүүгийн зорилгоо үнэн зөв тодорхойлох шаардлагатай.     

Тодорхой, хаана хүрэх нь ойлгомжтой зорилго нь хөрөнгө оруулагчид өөрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг оновчтой гаргаж, зах зээлийн огцом өөрчлөлтөд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ урьдчилан төлөвлөхөд тусалдаг гэж судлаачид дүгнэсэн байдаг.  

2. Өдөр тутмын тууштай бэлтгэл сургуулилт.

Тамирчдын хувьд өдөр бүрийн тууштай бэлтгэл сургуулилт нь амжилтын суурь болдог. Үүнтэй адил хөрөнгө оруулагчид зах зээлийн мэдээлэлд байнга ойр байж, судалгаа хийж, урьдчилан боловсруулсан санхүүгийн төлөвлөгөөг сахилга баттай мөрдөх нь амжилттай хөрөнгө оруулалтын үндэс болдог байна. Санхүүгийн зан төлвийн судалгаагаар хэт олон удаа бус, сахилга баттай, төлөвлөгөөтэй арилжаа хийдэг хөрөнгө оруулагчид илүү өндөр өгөөж хүртдэг нь тогтоогджээ. Жишээлбэл 78,000 гаруй хөрөнгө оруулагчийн дансны хөдөлгөөнийг олон жилийн турш судлахад хамгийн олон удаа арилжаа хийдэг хэсэг нь жилийн дундаж өгөөж ердөө 11.4% байсан бол, харьцангуй цөөн арилжаа хийдэг хэсэг нь 18.5%-ийн өгөөж хүртсэн байна.         

3. Сэтгэлзүйн тогтвортой, тайван байдлыг хангах.

Тэмцээний өндөр дарамт, дараалан амжилт эсвэл бүтэлгүйтлийн үед сэтгэлзүйн тогтвортой байдлаа хадгалах нь тамирчны ялалтын нэг түлхүүр гэж үздэг. Үүнтэй  адил, хөрөнгө оруулагчид ч мөн зах зээлийн савлагаа, огцом уналтын үеэр сандралд автахгүй, тайван байдалтай байх нь санхүүгийн урт хугацааны үр өгөөжид шууд нөлөөлдөг байна. Жишээ нь 2023 онд 189,524 оролцогчтой хийгдсэн нэгэн томоохон судалгаагаар хөрөнгө оруулагчдын 9.46% нь зах зээлийн огцом уналтын үеэр үнэт цаасаа бүрэн буюу хэсэгчлэн сандран худалдах үйлдэл гаргасан нь тогтоогджээ.             

Ийнхүү айдсаас үүдэлтэй, сэтгэл хөдлөлөөр хийсэн шийдвэр нь зарим тохиолдолд логиктой, туршлагатай хөрөнгө оруулагчдыг хүртэл богино хугацааны савлагаанд автуулж, уламжлалт төлөвлөгөөнөөсөө ухрахад хүргэдэг болохыг уг судалгаа онцолсон байна.   

Харин зах зээлийн хэлбэлзэлтэй тулгарсан үед нухацтай тайван хандаж, урт хугацааны зорилтдоо төвлөрсөн хэвээр үлдэх нь эцэстээ хождог гэж шинжээчид зөвлөж байна. Тамирчин хүн хүнд нөхцөл байдалд тайван байж, тоглолтоо үргэлжлүүлснээр ялалт байгуулдагтай адил хөрөнгө оруулагч тайван байдлаа хадгалснаар зах зээлийн уналтыг давах давуу талтай байдаг байна.   

       

4.Ялагдал болон ялалтад хүлээцтэй хандаж, алдаан дээрээ суралцан дахин эхлэх 

Амжилттай тамирчид ялалт, ялагдал хоёуланг нь хүлээцтэй хүлээн авч, алдаанаасаа сургамж авч дараагийн тэмцээндээ бэлтгэдэг. Үүнтэй адил хөрөнгө оруулагчид богино хугацаанд гарсан ашиг, алдагдал бүрээсээ суралцаж, тууштай үргэлжлэх нь урт хугацаанд амжилт олох үндэс болдог. Санхүүгийн зан төлвийн судалгаагаар хөрөнгө оруулагчид туршлагажих явцдаа зарим нийтлэг алдаагаа давтах нь багасаж, шийдвэр нь сайжирдагийг тогтоожээ. 19,000 орчим хөрөнгө оруулагчийн арилжааны өгөгдлийг олон жилийн турш судлахад, цаг хугацаа өнгөрөх тусам тэдний хэт олноор арилжаа хийх хандлага буурч, хөрөнгө оруулалтын өгөөж нь мэдэгдэхүйц сайжирсан байна.

Судлаачдын дүгнэснээр, туршлага суусан хөрөнгө оруулагчид өмнө нь өөрт нь хохиролтой байсан хэт итгэлтэй, сахилга батгүй үйлдлүүдээ давтахгүй болох замаар амжилтаа ахиулдаг байна. Тиймээс богино хугацааны ялалтанд хөөрч, эсвэл ялагдалд хэт авталгүй, аль алинаас нь сургамж авч цааш урагшлах сэтгэлзүйн тэсвэр, ухаалаг хандлага нь хөрөнгө оруулагчийг урт хугацаанд тогтвортой амжилтад хүргэх гол хүчин зүйл болж өгдөг гэж үзсэн байна. 

 ✅Та бүхэн энэхүү мэдээллийг 7 хоног бүр имэйлээр хүлээн авахыг хүсвэл дараах линкээр имэйл хаягаа бүртгүүлээрэй 👇
https://dashboard.mailerlite.com/forms/1498534/155432022772286687/share

✅Та бүхэн дотоод хувьцааны талаар мэдээлэл авч арилжаанд оролцохыг хүсэж байвал дараах линкээр мэдээллээ бөглөнө үү.
https://forms.office.com/r/kG33uwiF55

✅Та бүхэн гадаад хувьцааны талаар мэдээлэл авч арилжаанд оролцохыг хүсэж байвал дараах линкээр мэдээллээ бөглөнө үү. 👉https://forms.office.com/r/3ZRv8AKGAi

Холбогдох утас ☎️ 7777-6377

      

Хуваалцах:

Бусад мэдээлэл