Хувьцааны хөрвөх чадвар (liquidity) гэдэг нь тухайн хувьцааг зах зээл дээр хурдан, үнэ алдагдалгүйгээр бэлэн мөнгө болгож арилжих боломжийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, хөрвөх чадвар өндөртэй хувьцаа гэдэг нь хүссэн үедээ хурдан зарах боломжтой, худалдан авагч олдоход амархан байдаг хувьцаа юм.
Монголын Хөрөнгийн Биржийн ТОП 20 индекст багтах хувьцаат компаниудад дараах 4 төрлийн шалгуурын хүрээнд хөрвөх чадварыг дүгнэв. Үүнд:
1. Арилжааны идэвх (Trading Volume)
Өндөр арилжааны идэвхтэй байдал нь хөрвөх чадвар сайн байгааг илтгэдэг бөгөөд бага арилжааны идэвхтэй байдал нь тухайн хувьцааг худалдан авах эсвэл зарахад хүндрэлтэй байгааг илэрхийлдэг байна.

Дээрх графикт ТОП 20 индекст багтах хувьцаат компаниудын өдрийн дундаж арилжааны идэвхийг 2024 оны байдлаар харуулсан бөгөөд өдөрт дунджаар 98.3 сая төгрөгийн арилжаа хийгдсэнээр Хаан банк ХК тэргүүлж байгаа бол, Монголын Хөрөнгийн Бирж ХК, АПУ ХК, Таван толгой ХК, Голомт ХК-иуд дараагаар нь жагсаж байна.
2. Стандарт хазайлт (Standart deviation)
Стандарт хазайлт нь хөрөнгийн өгөөж дундаж утгаасаа хэр зэрэг хэлбэлзэж буйг хэмждэг статистик хэмжигдэхүүн бөгөөд тухайн хөрөнгийн үнэ хэлбэлзлийг илэрхийлдэг. Энэ нь хувьцааны ханшийн тогтвортой байдал, эсвэл эрсдэлтэй байдлыг тооцоолох чухал хэрэгсэл болдог. Санхүүгийн практикт стандарт хазайлт өндөр байх нь тухайн хувьцаа их хэлбэлзэлтэй, зах зээл дээр богино хугацаанд үнэ нь огцом өсөх буюу буурах өндөр магадлалтай болохыг харуулдаг. Харин стандарт хазайлт бага бол тухайн хувьцааны өгөөж тогтворжсон, ханшийн хэлбэлзэл бага байгааг илтгэнэ.

Дээрх графикаас харахад АПУ ХК, Хас банк ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Ард кредит ХК, Голомт ХК-иудын ханшийн хэлбэлзэл бага харьцангуй тогтвортой байна.
3. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эзлэх хувь (Free float)
Компанийн нийт гаргасан хувьцаанаас, чөлөөтэй арилжаалагдаж буй хувь (нийт хувьцаанаас дотоод эзэмшигчид, төр, стратегийн хөрөнгө оруулагчид эзэмшдэг хэсгийг хассан хэмжээ) буюу жижиг хувьцаа эзэмшигчийн эзлэх хувь хэмжээ өндөр байх тусам арилжаа илүү идэвхтэй, хөрвөх чадвар сайн гэж үздэг бол бага байх тусам хөрөнгө оруулагчдын хувьд зах зээлд оролцох нь хүндрэлтэй гэж тооцогддог. Энэхүү графикт тухайн компанийн 5%-иас бага хувийг эзэлдэг жижиг хувьцаа эзэмшигчдийн эзлэх хувь хэмжээг 2025/01/31-ны байдлаар харуулав.

Дээрх графикаас харахад Ард санхүүгийн нэгдэл ХК, Мандал Даатгал ХК, Ард кредит ББСБ ХК, Монголын хөрөнгийн бирж ХК, Инновэйшн инвестмент ХК, Монложистикс Холдинг ХК-иуд жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо хамгийн ихтэй байна. Өөрөөр хэлбэл Ард санхүүгийн нэгдэл ХК хувьд нийт гаргасан хувьцааны 61.6% нь жижиг хувьцаа эзэмшигчдийн буюу 5%-иас бага хувьцаа эзэмшигч нар эзэлж байна.
4. Өдрийн дундаж захиалгын тоо
Зах зээл дээрх захиалгын хэмжээ, үнийн хуваарилалт өндөр байх тусам их хэмжээгээр арилжаа хийсэн ч үнийн өөрчлөлтийн савлагаа бага байдаг бол эсрэгээрээ тус үзүүлэлт бага байх тусам үнийн өөрчлөлтийн савлагааг нэмэгдүүлж, хөрвөх чадварыг бууруулдаг байна. Тэгвэл доорх графикт тухайн компанийн өдрийн дундаж захиалгын тоо нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцааны хэдэн хувьд ногдож байгааг харуулав.

Дээрх үзүүлэлтээр Таван толгой ХК, Инвескор ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Монголын Хөрөнгийн Бирж ХК, Түмэн шувуут ХК-иуд тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл Таван Толгой ХК хувьд нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааны тооны 0.36%-тай тэнцэх хэмжээний хувьцааг өдөрт дунджаар арилжаалдаг байна.
Хөрвөх чадварын үнэлгээ 🤩🔎

📌Дүгнэлт
Дээрх 4 үзүүлэлтээс арилжааны идэвхтэй байдлыг 50%, стандарт хазайлтыг 15%, жижиг хувьцаа эзэмшигчдийн эзлэх хувийг 20%, өдрийн дундаж захиалгын тоог 15%-иар тус тус жинлэн тооцоход хөрвөх чадвар хамгийн сайтай хувьцаат компаниудаар Ард санхүүгийн нэгдэл ХК, Монголын Хөрөнгийн Бирж ХК, Хаан банк ХК, АПУ ХК, Голомт банк ХК, Таван толгой ХК, Түмэн шувуут ХК, Ард кредит ХК, Хас банк ХК-иуд тэргүүлж байна.