Монгол улсын нийт экспортын орлогын (2025 оны эхний 7 сарын байдлаар) 37.6%-ийг бүрдүүлж буй нүүрсний зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын төлөв байдлын тухай олон улсын байгууллагуудаас гаргасан тайлан, дотоодын болон гол худалдан авагч БНХАУ-ын нүүрсний зах зээлийн дата мэдээлэлд хийсэн дүн шинжилгээг та бүхэнд танилцуулж байна.

МУ-ын нүүрсний экспорт: Манай улсын хувьд 2025 оны эхний 7 сарын байдлаар 2.9 тэрбум ам.долларын үнэ бүхий 41.3 сая тонн чулуун нүүрс, 0.1 тэрбум ам.долларын үнэ бүхий 3.0 сая тонн хүрэн нүүрсийг тус тус экспортлоод байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс тоо хэмжээний хувьд 6.6%-иар, үнийн дүнгийн хувьд 44.3%-иар тус тус буурсан үзүүлэлт юм. Нэгж үнийн хувьд эхний 7 сарын нүүрсний дундаж үнэ 68.0 ам.доллар байгаа нь өмнөх оны мөн үеэс 40.4%-иар буурсан байна.
БНХАУ-ын нүүрсний импорт: БНХАУ-ын хувьд дэлхийн нийт нүүрсний хэрэглээний 56%-ийг дангаар бүрдүүлдэг бөгөөд манай улсын нүүрсний экспортын цорын ганц худалдан авагч юм. Тус улсын нүүрсний импорт 2025 оны эхний 7 сарын байдлаар 13.0-иар буурч, 257.3 сая тонн-д хүрсэн бол дундаж үнийн хувьд 25.1%-иар буурч 74.5 ам.доллартай тэнцэж байгаа нь худалдааны дайн, тарифын нөлөөнөөс үүдэн импортын эрэлт суларч байгааг харуулж байна.
ОУ-ын нөхцөл байдал: ОУ-ын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр 2024 онд нүүрсний нийт эрэлт 1.5%-иар өсөж 8.79 тэрбум тонн-д хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болоод байна. Уг тайланд 2025 оны эхний хагаст сэргээгдэх эрчим хүчний гарц нэмэгдсэн, эрчим хүчний дотоод эрэлт суларсан зэргээс үүдэн гол хэрэглэгч орнууд болох БНХАУ, БНЭУ-ын хэрэглээ бага зэрэг буурсан байгаа ч цаашид оны эцэс гэхэд нүүрсний эрэлт 2024 оны орчимд хадгалагдах төлөвтэй байна.
Цаашдын төлөв: Нүүрсний хэрэглээ 2026 онд 2024, 2025 оны орчимд байх ч үнийн хувьд бага зэрэг сэргэлт ажиглагдаж магадгүй байна. Харин коксжих нүүрсний тухайд дэлхийн эдийн засгийн байдал тодорхойгүй, ДНБ-ий өсөлт удааширсан зэргээс шалтгаалан эрэлт 2025 онд 1.6%-иар буурах хүлээлтийг үүсгээд байна. Энэ оны тухайд эрэлтээ давсан их хэмжээний нүүрсний овоолго үүссэн байгаа нь нэгж үнэ одоо байгаа түвшинд хадгалагдах, магадгүй буурах нөхцөлийг бүрдүүлж байна.
Дүгнэлт: МУ-ын Засгийн газраас боловсруулсан 2026 оны төсвийн төсөлд экспортын нүүрсний дундаж үнийг 70.0 ам.доллар байхаар төлөвлөсөн нь 2025 онд төсөвлөсөн 105.0 ам доллар/тн нэгж үнэтэй харьцуулахад харьцангуй бодит байдалд ойрхон байх магадлалтай харагдаж байна.
Түүнчлэн 2025 оны 07-р сараас эхлэн биржээр арилжаалсан нүүрсний арилжаа сэргэж, оны эхний хагас жилд 610.4 тэрбум төгрөг байсан арилжааны дүн 7, 8-р саруудад нийт 1,673.1 тэрбум төгрөгт хүрч, 2.7 дахин нэмэгдсэн нь цаашид нүүрс экспортын дундаж үнэ сэргэх магадлалыг нэмэгдүүлж байна. Цаашид дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал буурснаар аж үйлдвэрлэлийн гол түүхий эд болох ган, төмрийн үйлдвэрлэл сэргэж, коксжих нүүрсний эрэлт нэмэгдэх боломжтой юм.