Skip links

ЕАЭЗХ-нд Монгол Улс нэгдэх үү? 🧐🧐🧐

Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) нь гишүүн орнуудын хамтын ажиллагааг дэмжих, худалдааг хялбаршуулах зорилгоор 2015 онд байгуулагдсан бөгөөд Армени, Беларусь, Казахстан, Киргизстан, ОХУ зэрэг 5 гишүүн орнуудын бүрэлдэхүүнтэй.             

Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн 2024/05/08-ны өдрийн шийдвэрийн дагуу ЕАЭЗХ болон Монгол Улсын хооронд худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудал 2024 оны эцсээр идэвхтэй яригдаж байсан ч МУ-ын үндэсний үйлдвэрлэгчид, дотоодын аж ахуй нэгжүүд тус хэлэлцээрийг эсэргүүцсэн өөрсдийн дуу хоолойгоо өргөснөөр 2024/12/18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар түр хэлэлцээрийн асуудлыг хойшлуулах шийдвэр гаргаад байсан билээ.                 

Тэгвэл энэхүү асуудлын хүрээнд аж ахуй нэгж, мэргэжлийн холбоод болон хоршоодын төлөөлөл, гадаад худалдаа эрхлэгчид, дотоодын үйлдвэрлэгчидтэй нээлттэй хэлэлцүүлэг 2025 оны 01 -р сарын 07-10-ны өдрүүдэд өрнөсөн байдаг.  

Эдийн засаг, хөгжлийн яамнаас салбарын төлөөллийн санал хүсэлтийг харгалзан үзэж, дотоодын аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн дарамт үүсгэхгүй байх зарчмыг баримтлан, импортоор оруулж ирэх бараа бүтээгдэхүүний доод хэмжээнд тулгуурласан квот тогтоож, харилцан тохиролцсон талаар мэдэгдэл гаргасан байдаг. Ийнхүү өнгөрсөн оноос Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгчид болон дотоодын аж ахуйн нэгжүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байсан энэхүү хэлэлцээр ирэх 5-р сард эцэслэгдэх нь тодорхой болоод байна.        

ЕАЭЗХ-той байгуулах Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд Монголын талаас нийт 23 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг жагсаалтаас хасах хүсэлт гаргасан бөгөөд нийт 366 бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг тохиролцсон байна.   

🔎Тарифын хөнгөлөлт үзүүлэхгүй байхаар тохирсон бараа бүтээгдэхүүн:   

  • Шингэн сүү, өтгөрүүлсэн сүү, шар сүү, өтгөн цөцгий, даршилсан өргөст хэмх, сонгино, төмс, шар лууван манжин зэрэг эдгээр 8 бүтээгдэхүүнд тарифын хөнгөлөлт үзүүлэхгүй бөгөөд одоо мөрдөж байгаа 5-20%-ийн гаалийн албан татвар хэвээр байна.            

🧐Бараа бүтээгдэхүүний квот, татварын хэмжээ: 

  • Улаанбуудай 50,000 тн хүртэл 3.75%, түүнээс их бол 5%, өндөг 90 сая ширхэг хүртэл 7.5%, түүнээс их бол 15%, сахаргүй хуурай сүү 1500 тн хүртэл татваргүй байх бөгөөд түүнээс их бол 5%, цагаан архи 40% татвартай байгааг 25%-р бууруулж 30%, шар айраг 25% татвартай байгааг 25%-р бууруулж 18.75%.                

🤩Монголын талаас ЕАЭЗХ-ны улс орнууд рүү экспортын татваргүй болж байгаа бараа бүтээгдэхүүний багц:     

  • Мах, махан бүтээгдэхүүний 29 нэр төрөл    
  • Арьс ширэн бүтээгдэхүүний 60 нэр төрөл 
  • Ноос ноолууран бүтээгдэхүүний 204 нэр төрөл 
  • Хөдөө аж ахуйн бусад 73 нэр төрлийн бараа  
  • Хайлуур жонш, зэс, молибден, тугалга, гянт болд 

Дээрх графикаас харахад 2019-2024 оны хооронд ОХУ-ын түлш, эрчим хүчний импортыг хассан дүнгээр ЕАЭЗХ-ны гишүүн улсуудаас МУ-руу экспортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ нь тус холбооны гишүүн орнуудад МУ-ын экспортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээнээс дунджаар 8.8 дахин их байгааг харж болохоор байна.          

Монгол Улсаас ЕАЭЗХ-ны гишүүн улсууд руу экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээ нийт экспортын 1.5% орчим байгаа бол эсрэгээрээ тус холбооны орнуудаас импортолж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээ дунджаар нийт импортын /ОХУ импортолсон түлш, эрчим хүчийг хассан дүнгээр/ 13.3% байдаг байна.     

Хэрэв Монгол Улс ЕАЭЗХ-нд нэгдэж, гүн гүнзгий холбоо тогтоосон тохиолдолд дараах эерэг үр дүн болон сорилттой тулгарч болзошгүй юм. Үүнд:      

Эерэг үр дүн Сорилт, дутагдал 
180 гаруй сая хүн амтай ЕАЭЗХ-ны зах зээлд нэвтрэх боломжтой. ОХУ, Казахстан зэрэг улсаас хямд өртөгтэй бүтээгдэхүүн импортоор орж ирснээр Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчдэд үнийн дарамт учруулах магадлалтай. 
Хөдөө аж ахуйн ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүн, шингэн сүү, хүнсний бүтээгдэхүүнийг экспортлох шинэ гарц нээгдэнэ. ОХУ, Беларус зэрэг гишүүн орнуудад тавигдсан олон улсын санхүү, худалдааны хоригуудын нөлөө Монголд дамжиж ирэх магадлалтай (банк, тээвэр, SWIFT гэх мэт). 
Монголын транзит чадамж (Хятад-ЕАЭЗХ хооронд) сайжирч, төмөр зам, авто замын төсөлд хөрөнгө татах боломж нэмэгдэнэ. Монголын гадаад бодлогын тэнцвэрт байдал, “гуравдагч хөрш” (АНУ, Япон, Европ) -ийн итгэл суларч,  гадаад хөрөнгө оруулалтын орчинд сөрөг дохио болох магадлалтай. 

📌Дүгнэлт 

Хэлэлцээрийн хүрээнд ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүний экспортын гарц нэмэгдэж, мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл өргөжсөнөөр урт хугацаанд хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр, тээвэр логистик зэрэг салбарт шинэ ажлын байр бий болж, бүс нутгийн хөгжилд бодит дэмжлэг болж, аж үйлдвэржилтийг дэмжихэд түлхэц болж болохоор байна. 

Гэсэн хэдий ч, импортоор нэвтрэх бүтээгдэхүүнд тавих хяналт, шалгалт хэрхэн хэрэгжих, мөн тогтоосон квотын хэмжээг давсан тохиолдолд ямар зохицуулалт хийх талаар нарийвчилсан зохицуулалт шаардлагатай бөгөөд сүүлийн 5 жилийн хугацаанд ЕАЭЗХ-ны гишүүн улсуудаас ирэх импортын хэмжээ эдгээр улсууд руу гаргах экспортын хэмжээнээс 8.8 дахин их байгаа нь урт хугацаанд гадаад худалдааны тэнцлийн алдагдлыг улам гүнзгийрүүлэх болгоомжлолыг төрүүлэхээр байна.  

Мөн хямд өртөгтэй бараа, бүтээгдэхүүн импортлогдох замаар хүнсний салбарын дотоодын томоохон үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийн хувьд шинэ сорилт учруулж болзошгүй байна.       

Жич: ЕАЭЗХ-той харилцан тохиролцсон талаар зохицуулагч байгууллагын албан ёсны цахим сувагт нарийвчилсан мэдэгдэл байхгүй байгаа бөгөөд олон нийтэд нээлттэй бусад мэдээллийн эх сурвалжийг ашиглан мэдээлэл бэлтгэв. 

Хуваалцах:

Бусад мэдээлэл