Skip links

Төрийн банк ХК-ийн ХЭХ-аас онцлох 10 ишлэл🧐🔎

  1. 2024 онд Төрийн банкны нийт актив 14.8%-иар өсөж, 6.2 их наяд төгрөг, зээлийн багц 45.8%-иар нэмэгдэж, 3.5 их наяд төгрөг, татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 16.6%-иар нэмэгдэж, 5.6 их наяд төгрөг, цэвэр ашиг 13.9%-иар нэмэгдэж, 108.0 тэрбум төгрөгт тус тус хүрсэн байна.   
  2. Төрийн банкны нийт харилцагчдын 90.0 орчим хувь нь иргэд байдаг бөгөөд 1 зээлдэгчийн дундаж зээлийн хэмжээ 6.7 сая төгрөг байдаг нь зээлийн төвлөрөл салбарын дундаж үзүүлэлтээс харьцангуй бага байгааг илтгэж байна. Мөн тус банкны эх үүсвэрийн 90.0 гаруй хувийг иргэдийн хадгаламж бүрдүүлдэг байна.          
  3. Тус банк нь Банкны тухай хуулийн 58.1-т заасны дагуу МУ-ын ЗГ-ын 348 тоот тогтоолоор 2009 онд байгуулагдсан “Тусгай зориулалтын банк” учир энэ хуулийн 36.1 дэх заалт хамаарахгүй ба энэ талаар Монголбанканд 2 удаа асуулга хүргүүлсэнд тухай бүр дээрх мэдээллийг бататгасан хариу илгээсэн тухай мэдээлэл өгсөн.            
  4. Хувьцааны ногдол ашгийн өгөөж өнгөрсөн оны жигнэсэн дундаж ханштай харьцуулахад 13.0% байгаа нь бусад хувьцаат компаниудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт бөгөөд цаашид ч хувьцааны өгөөжийг тогтмол нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа тухай мэдээлэл өгсөн.                
  5. 2025 оны 1-р улиралд банкнаас 12.0 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн бөгөөд тайлант хугацаанд 13.0 тэрбум төгрөгийн ашиг олсон. Цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад харьцангуй буурсан нь “суурь хүү” 2.0%-иар нэмэгдсэнээс үүдэн эх үүсвэрийн зардал өссөнтэй холбоотой тухай тайлбар хийв.             
  6. Банкны чанаргүй зээлийн хэмжээ одоогоор 190 тэрбум төгрөг байгаа нь нийт зээлийн 5.2%-ийг эзлэж байгаа ба энэ нь салбарын дундаж 5.4%-иас доогуур үзүүлэлт юм. Банкны зүгээс энэхүү үзүүлэлтийг оны эцэст 4.69%-д хүргэхээр зорилт тавин ажиллаж байна.  
  7. 2025 онд цэвэр ашгийн хэмжээг 103.5 тэрбум төгрөг байхаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд ТУЗ-өөс тус онд зардлыг бууруулж, үр ашигт байдлыг нэмэгдүүлэх чиглэл өгсөн тухай мэдээлэл хийв.                  
  8. Сангийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу төрийн төлөөллийг бууруулах ажлын хүрээнд тус банкны ТУЗ-ийн хараат бус гишүүдийн тоо 3 байсныг 4 болгон нэмэгдүүлсэн ба ингэснээр жижиг хувьцаа эзэмшигчид (олон нийт)-ийн эрх ашгийг хамгаалах ажил сайжрах боломжтой тухай мэдээлэв.        
  9. “Шинэ хоршоо” төслийн хүрээнд нийт 8 арилжааны банк 1 их наяд төгрөгийн зээл олголт хийсэн бөгөөд Төрийн банкны хувьд 4,978 хоршоонд 498.5 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Өнөөдрийн байдлаар уг зээлийн олголт зогссон ба эргэн төлөлтөд аливаа чанаргүй зээл бүртгэгдээгүй, зээл төлөлт хэвийн үргэлжилж байна. Ер нь тус банк дээрх малчны зээлийн хэмжээ нийт зээлийн багцын 20-30%-ийг эзэлдэг бөгөөд эргэн төлөлт харьцангуй сайтай буюу 99.5% нь хугацаандаа зээлээ төлдөг байна.              
  10. Олон улсын “Moody’s” агентлагаас Төрийн банкны зээлжих зэрэглэлийг “В2 (тогтвортой)” болгож сайжруулсан ба 2024 онд нийт 115 сая ам.долларыг олон улсын зах зээл дээрээс татсан байна. 2025 оноос олон улсын зах зээлээс эх үүсвэр татах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөөд байгаа нь эх үүсвэрийн зардал хямд, хугацаа урт байдагтай холбоотой тухай мэдээлэл өгөв.          
Хуваалцах:

Бусад мэдээлэл