Монголын хөрөнгийн биржээр 2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт 800.4 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 2 дахин өссөн үзүүлэлт боллоо. Нийт арилжааны үнийн дүнгийн 57.8%-ийг өрийн хэрэгслийн арилжаа, 17.5%-ийг хувьцааны арилжаа, 16.0%-ийг Засгийн газрын дотоодын үнэт цаас (ЗГДҮЦ), 8.6%-ийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ), үлдсэн 0.2%-ийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжаа бүрдүүлжээ.

Үнэт цаасны төрлөөр:
2026 оны эхний хагас жилд хувьцааны хоёрдогч зах зээл дээр 129 хувьцаат компанийн 140.0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 258.3 сая ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 51.2%-ийг энгийн арилжаа, 48.8%-ийг багцын арилжаа эзэлжээ.
Бонд VS ХБҮЦ: Тайлант хугацаанд өрийн хэрэгслийн зах зээл хамгийн идэвхтэй сегмент байж, анхдагч зах зээл дээр 350.0 тэрбум төгрөг, хоёрдогч зах зээл дээр 112.8 тэрбум төгрөг, нийт 462.8 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн нь нийт арилжааны 57.8%-ийг бүрдүүлжээ. Харин хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлд нийт 68.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн бөгөөд үүний 73.1% нь анхдагч, 26.9% нь хоёрдогч зах зээлийн арилжаа байв.
Онцлох үйл явдал
2026 оны эхний хагас жилд өрийн хэрэгслийн зах зээлд Нийслэлийн Засаг даргын 200 тэрбум төгрөгийн, Өмнөговь аймгийн Засаг даргын 150 тэрбум төгрөгийн олон нийтэд санал болгосон бондуудын анхдагч арилжаа амжилттай зохион байгуулагдсан нь зах зээлийн өсөлтийг дэмжсэн онцлох үйл явдал байлаа. Мөн 50 тэрбум төгрөгийн “Инвескор өсөлт ТЗК” ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, Монголын анхны биржээр арилжаалагддаг “Гоулд Траст” ETF бүртгэгдэж, хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн нь хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүний төрөлжилтийг нэмэгдүүлсэн чухал үйл явдал болсон байна.









