🤔 2027 оны төсвийн төсөл: Нэг эдийн засаг, хоёр өөр бодлогын чиглэл
2027 оны төсвийн төслийн хамгийн анхаарал татах асуудал нь төсвийн хэмжээ бус, мөнгөний болон төсвийн бодлогын чиглэл хоорондоо зөрөх эрсдэлтэй байгаа нь юм. Инфляцыг сааруулахын тулд мөнгөний бодлого хатуу хэвээр байхад төсвийн зарлага дотоод эрэлтийг дэмжихээр төлөвлөгджээ.
Төсвийн хэмжээ хэр нэмэгдэв?
2027 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, нийт зарлагыг 43.6 их наяд төгрөгөөр төлөвлөжээ. Ингэснээр төсвийн алдагдал 2.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2 хувьтай тэнцэхээр байна. 2026 оны батлагдсан төсөвтэй харьцуулахад орлого 9.4 их наяд, зарлага 9.6 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр тооцсон байна.
Зарлагын бүтцээс үзвэл 33.6 их наяд төгрөг буюу нийт зарлагын 77 орчим хувь урсгал зардал, харин 10.3 их наяд төгрөг нь хөрөнгийн зардалд ногдож байна. Өөрөөр хэлбэл нэмэгдсэн төсвийн томоохон хэсэг нь цалин, тэтгэвэр, тэтгэмж болон төрийн үйл ажиллагаатай холбоотой тогтмол шинжтэй зардалд шингэхээр байна.
Өрхийн орлогыг хамгаалах бодлого
2027 оны төсөв өрхийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг тусгажээ. Тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлж, 2027 оны II улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 10%, төрийн захиргаа болон төрийн тусгай албан хаагчдын цалинг 20%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Мөн сарын 792 мянган төгрөг хүртэлх цалинг ХХОАТ-аас чөлөөлж, залуучууд болон гарааны бизнесүүдэд нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгаснаар нэг сая орчим иргэний татвар, шимтгэлийн ачааллыг нийт 1 их наяд төгрөгөөр бууруулахаар тооцжээ.
Эдгээр арга хэмжээ нь өрхийн худалдан авах чадварыг дэмжих боловч нийлүүлэлт ижил хурдаар нэмэгдэхгүй тохиолдолд нэмэлт орлого нь хэрэглээ, импорт болон үнийн өсөлтөд дамжих эрсдэлтэй.
Зарлагын өсөлтийн нөгөө тал: Богино хугацааны эрэлт, урт хугацааны нийлүүлэлт
2027 оны төсөв зөвхөн хэрэглээг дэмжих бус, нийлүүлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг мөн тусгажээ. Боловсролын салбарт 3.0 их наяд төгрөгийн өртөг бүхий 356 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, 2027 онд 1.4 их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн. Мөн эрчим хүчний шинэ хүчин чадлыг 800 МВт-аар, авто замын сүлжээг 375 км-ээр нэмэгдүүлэх зорилт тавьжээ.
Эдгээр хөрөнгө оруулалт хугацаандаа хэрэгжвэл эрчим хүч, тээвэр, логистикийн хязгаарлалтыг бууруулахад дэмжлэг үзүүлэх боломжтой. Харин цалин, тэтгэвэр, татварын хөнгөлөлт эдийн засагт харьцангуй хурдан нөлөөлөх бол дэд бүтцийн төслүүдийн үр өгөөж илүү урт хугацаанд илэрдэг. Тиймээс богино хугацаанд эрэлтийн нөлөө түрүүлж мэдрэгдэх магадлалтай.
Өсөлтийн төсөөлөлд Оюутолгой чухал нөлөөтэй
Засгийн газар 2027 оны эдийн засгийн өсөлтийг 5.8 хувь орчим гэж төсөөлжээ. Өсөлтийг Оюутолгойн зэсийн баяжмалын олборлолт, цэвэр зэсийн агуулгын нэмэгдэл болон нүүрс, төмрийн хүдэр, алтны олборлолтын өсөлт дэмжихээр тооцсон байна.
Оюутолгой нь эдийн засагт хоёр сувгаар нөлөөлнө: үйлдвэрлэлийн өсөлт нь ДНБ, экспортод, харин төрд ногдох ногдол ашиг нь төсвийн орлогод тус тус дэмжлэг үзүүлэхээр байна.

Төсөв ба мөнгөний бодлого яагаад зөрж байна вэ?
Инфляц 12.5% байгаа өнөөгийн нөхцөлд Монголбанк үнийн өсөлтийг сааруулах чиглэлд мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэх төлөвтэй байна. Харин төсвийн зарлага дотоод эрэлтийг нэмэгдүүлсэн хэвээр байвал бодлогын энэ хоёр чиглэл хоорондоо зөрөх эрсдэлтэй. Ийм нөхцөл үргэлжилсэн тохиолдолд бодлогын хүү өндөр түвшинд удаан хадгалагдах, банк болон ББСБ-ын эх үүсвэрийн өртөг буурахгүй байх, бизнесийн зээлийн нөхцөл төдийлөн сулрахгүй байх магадлалтай.
Орлогын төсөөллийн эрсдэл
2027 оны төсвийн зарлага өсөхийн зэрэгцээ орлогыг мөн өндөр түвшинд төлөвлөсөн. Төсөвт зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 10,249.9 ам.доллар, нүүрсний үнийг 125.4 ам.доллараар тооцсон байна. Мөн төрийн өмчит компаниуд болон Оюутолгойгоос авах ногдол ашиг орлогын өсөлтөд чухал байр суурь эзлэхээр байна.
Энэ нь төсвийн орлогыг түүхий эдийн үнэ, экспортын биет хэмжээ, уул уурхайн компаниудын ашигт ажиллагаанд мэдрэмтгий хэвээр үлдээж байна. Хэрэв экспортын орлого төсөөллөөс доогуур гарвал төсвийн орлого тасалдах боловч цалин, тэтгэвэр зэрэг тогтмол шинжтэй урсгал зардлыг богино хугацаанд бууруулах боломж хязгаарлагдмал.
Эндээс харахад төсвийн алдагдлын хэмжээнээс гадна орлогын тогтвортой байдал, зарлагын бүтэц ч анхаарах үзүүлэлт болж байна.
Дүгнэлт: Гол асуудал нь төсвийн хэмжээ бус, бодлогын зохицол
2027 оны төсвийн төсөл нэг талаас өрхийн орлогыг хамгаалах, татварын ачааллыг бууруулах, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаар эдийн засгийн нийлүүлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой. Нөгөө талаас инфляц 12.5%-тай, мөнгөний бодлого хатуу байгаа үед зарлагын огцом өсөлт дотоод эрэлтийг нэмэгдүүлж, инфляцын сааралтыг удаашруулах эрсдэлтэй.
Иймээс гол асуудал нь 43.6 их наяд төгрөгийн зарлагын хэмжээ бус, нэмэгдсэн төсөв хэр хэмжээгээр үйлдвэрлэл, бүтээмж, экспорт болж хувирах, мөн төсөв ба мөнгөний бодлого инфляцыг бууруулах нэг зорилгын дор уялдаж чадах эсэх юм.
Төсвийн зарлага эрэлтийг дэмжихийн зэрэгцээ мөнгөний бодлого хатуу хэвээр байвал өндөр хүү, санхүүжилтийн нөхцөл ойрын хугацаанд төдийлөн сулрахгүй байх магадлалтай. Харин дэд бүтэц, үйлдвэрлэлд чиглэсэн хөрөнгө оруулалтын үр нөлөө бодитоор илэрвэл дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой. Тиймээс 2027 онд инфляц, бодлогын хүү, төсвийн гүйцэтгэл болон уул уурхайн экспортын төлөвийг хамтад нь ажиглах шаардлагатай.









