Техник Импорт ХК

Техник Импорт ХК нь 1958 онд Монгол улсын гадаад худалдааны нэгдэл хэлбэрээр байгуулагдаж байсан ба одоог хүртэл үйл ажиллагааны чиглэлээ хадгалж буй цөөхөн хувьцаат компаниудын нэг билээ. Техник Импорт ХК -ийн үйл ажиллагаа нь Цемент, Битум, Арматур, Мотоцикл импортлох гэсэн үндсэн 4 хэсэгт хуваагддаг.

2021 онд борлуулалтын орлого өмнөх оноос 43%-иар өсөж 10.9 тэрбум төгрөгт, цэвэр ашиг өмнөх оноос 6 дахин өсөж 4.3 тэрбум төгрөгт хүрсэн нь тус компанийн сүүлийн 5 жилийн хугацаанд үзүүлсэн хамгийн өндөр санхүүгийн үзүүлэлт боллоо. Эдийн засаг хүндэрч, хил хаагдсан энэхүү үед Техник Импорт ХК нь өөрийн ложистик компанийг өндөр бүтээмжтэйгээр ажиллуулж чадсан мөн тайлант хугацаанд Монголруу импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн зэрэг нь борлуулалтын орлого болон цэвэр ашиг ийнхүү нэмэгдэх үндсэн нөхцөл болжээ.

2022 оны борлуулалтын орлогыг өмнөх оноос 15% өндөр байхаар тооцоод байгаа ч Орос Украйны дайн, дотоодод үүсээд буй валютын хомсдол зэрэг цаг үеийн нөхцөл байдлаас хамааран энэхүү төсөөлөл өөрчлөгдөж болохыг компанийн удирдлагуудын зүгээс анхаарууллаа.

Техник Импорт ХК – ийн ХЭХ-ын ирц 97.58% байсан ба хурлын үеэр компанийн 2021 оны үйл ажилагааны тайлан, 2022 оны үйл ажиллагаа, санхүүгийн төлөвлөгөө зэргийг танилцуулав. Хурлын үеэр ТУЗ-ийн 9 гишүүнийг улираан сонгох санал гаргаж нийт хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 100%-ийн саналаар ТУЗ-ийн 9 гишүүний бүрэн эрхийг дахин сунгалаа.

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin