Европт анх удаа цахилгаан автомашины борлуулалт дизель хөдөлгүүртэй автомашиныхаас давжээ

Өнгөрсөн оны 12-р сард Европт цахилгаан автомашины борлуулалт анх удаа дизель хөдөлгүүртэй автомашинаас давсан тухай Financial Times (FT) сонин мэдээлэв. Дизель хөдөлгүүртэй автомашин сонирхох хэрэглэгчдийн тоо цөөрч байгаагийн нөгөө талд цахилгаан автомашины зах зээлийн эрэлт, нийлүүлэлт тогтмол нэмэгдсээр байна.

Өнгөрсөн сард Их Британи зэрэг Европын 18 оронд зарагдсан шинэ автомашины 20 орчим хувь нь цэвэр цахилгаан автомашин байсан бол дизель хөдөлгүүртэй автомашины зах зээлд эзлэх хувь дөнгөж 19 хувьтай байжээ. Тус сонины тооцож буйгаар Баруун Европт энэ хугацаанд нийт 850,000 орчим машин борлуулагдсан бөгөөд үүнээс 176,000 цахилгаан машин зарагдсан бол ердөө 160,000 ширхэг дизель хөдөлгүүртэй автомашин зарагдсан гэжээ.

Мөн энэ төрлийн тээврийн хэрэгслийн борлуулалт ихсэхэд нөлөөлсөн олон шалтгаан байгаагийн хамгийн чухал нь Европын орнууд 2020 оноос эхлэн цахилгаан автомашин худалдан авахад урамшуулал олгодог болсон. Үүний нэгэн тод жишээ бол цахилгаан машин худалдан авахад төрөөс татаас өгдөг явдал юм. Автомашин үйлдвэрлэгч компаниуд өнгөрсөн жил үнэлгээний хувьд өндөр боловч нүүрстөрөгчийн хий ялгаруулалт ихтэй спорт тээврийн хэрэгсэл (SUV) борлуулахад анхаарч байсан ч жилийн эцэст нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилгоор цахилгаан автомашины борлуулалтыг идэвхжүүлэх арга хэмжээ авсан юм.

(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)

Ашигласан эх сурвалж: ft.com

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin