Рио Тинто компани Монгол улсын засгийн газрын тавьсан шаардлагуудыг бүрэн хүлээн зөвшөөрлөө.

Рио Тинто компани Монгол улсын засгийн газрын тавьсан шаардлагуудыг бүрэн хүлээн зөвшөөрч Монголын талын өр төлбөр болон цаашид гарах санхүүжилтийг бүрэн хариуцаж ажиллахаар боллоо. Рио Тинто, “Туркойз Хилл Ресурсес“ компанийн ТУЗ хуралдаж,  дараах таван шийдвэрийг гаргаж, Монгол Улсын Засгийн газарт уламжилжээ.

  1. Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр цаашид 22 т.бум ам.долларын өр үүсэхгүй, ногдол ашиг наашилна.
  2. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө /Дубайн гэрээ/-г цуцалж байна.
  3. Далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдсан санхүүжилтэд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах, шаардлагатай бол зөрүү хөрөнгийг төлөхөд бэлэн байна.
  4. Гүний уурхайг 2023 оны 04-05 дугаар сард ашиглалтад оруулахаар тооцож байна. Энэ хүртэл болон цаашид гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцана.
  5. Компанийн засаглалыг сайжруулах, Монгол Улсаас эрчим хүч авах, байгаль орчин, нийгмийн чиглэлээр хамтран ажиллана.

Хэлэлцээрийн үр дүнд Монголын тал өргүй боллоо. Дахин өр үүсэхгүй. Өр үүсэхгүй байна гэдэг Оюутолгойн ордыг ашиглахад ногоон гэрэл аслаа гэсэн үг. Учир нь уг өр Монголын эдийн засагт хүндрэл авчрахаас гадна улс төрийн дарамт, тогтворгүй байдал руу хөтөлдөг байсан юм. Ордын баялгийн 80 хувь байрлаж буй далд уурхай ашиглалтад орох цаг үе нь зэсийн үнийн маш таатай нөхцөл байдалтай давхцах магадлал тун өндөр байгаа. Энэ  ч Монголын тал болон Риогийн талд хоёуланд нь ашигтай. Цаг үеэ олсон хэлцэл болж чадлаа. 

Тэгвэл одоо бүгдээрээ 2015 оны Дубайн гэрээний дараа далд уурхайн хөгжүүлэлт ид хийгдэж байсан цаг үед хувьцааны ханш хэд байсан, мөн зэсийн ханш хэд байсныг эргэн харвал хувьцааны ханш тухайн үед буюу 2015-2017 оны хооронд 17-44 ам.долларт хэлбэлзэж байсан бөгөөд дундаж ханш нь 30 ам.доллар байсан юм. Харин зэсийн ханш энэ хугацаанд тонн тутамдаа 4,317-7,312 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан бөгөөд дундаж нь 5,800 орчимд байжээ. Тэгвэл одоо зэсийн ханш нэг тонн нь 9,445 ам.долларт хүрээд байгаа. Уг статистикаас харахад одоогийн ханш ирээдүйд 100%-300%-ийн өсөлт гаргах таамаглалыг гаргаж болохоор байна. 

 

(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)

Ашигласан эх сурвалж: ikon.mn, riotinto.com

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin