МОНГОЛЫН НҮҮРСНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ COVID-19 ВИРУСЫН ТАРХАЛТТАЙ ХОЛБООТОЙГООР БАГА ХЭВЭЭР БАЙНА


БНХАУ-д байгаль орчны асуудалтай холбоотойгоор тогтоогоод байсан зам, тээврийн хязгаарлалтуудыг зөөллөснөөр коксжих нүүрсний борлуулалт өссөн гэж “SXCoal” мэдээллээ.

Тус улсын түүхий коксжих нүүрсний уурхайнуудын агуулах дахь нөөц өнгөрсөн долоо хоногт 107 мянган тонноор буурч, 2.4 сая тонн болсон байна. БНХАУ-ын коксжих нүүрс боловсруулах үйлдвэрүүд нөөцөө нэмэгдүүлэхээр зорьж, нүүрсний худалдан авалтаа нэмэгдүүлж буй нь үүнд нөлөөлжээ.

Түүнчлэн “COVID-19”-ийн халдварын дэгдэлттэй холбоотойгоор Монголын нүүрсний нийлүүлэлт бага хэвээр байгаа талаар “SXCoal” мэдээлжээ. Ганцмод боомтоор нэвтэрсэн ачааны автомашины тоо нэгдүгээр сарын 4-7-ны хооронд өдөрт дунджаар 230 байсан байна. Энэ нь өмнөх долоо хоногтой нь харьцуулахад 20 орчим хувиар буурсан үзүүлэлт аж.

Нийлүүлэлт буурсантай холбоотойгоор Монголын түүхий коксжих нүүрсний үнэ 20-50 юаниар өсөж, тонн нь 1040-1070 юань болсон байна. Харин угаасан коксжих нүүрсний үнэ тонн нь 1280-1320 юань болж өсжээ.

Эх сурвалж:  Bloomberg TV


2021-01-12
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.