MSE:LEND “ЛЭНДМН ББСБ” ХК ХУВЬЦААГАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨР ЗАРЛАСАН БАЙНА


Олон нийтэд финтек компанийн анхны хувьцаа, анхны нээлттэй бондуудыг санал болгож Монгол Улсын хөрөнгийн зах зээл, түүний хөгжилд өөрийн бодитой хувь нэмрийг оруулсаар ирсэн “ЛэндМН ББСБ” ХК нь хөрөнгийн зах зээлийн амин хөдөлгүүр болох хөрвөх чадварыг нэмэгдүүлэх үүднээс олон улсад нийтлэг авч хэрэгжүүлдэг хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийг боловсруулан ээлжит ТУЗ-ийн хурлаараа батлууллаа.

Компанийн хуримтлагдсан ашгийн түвшин жил бүр өсөж бид санхүүгийн тайлангийн үзүүлэлтээр хувьцаа эзэмшигчдийнхээ үнэ цэнийг тасралтгүй өсгөсөөр ирсэн хэдий ч хувьцааны ханшийн үнэ цэнийн хувьд хэт доогуур үнэлгээтэй буюу 2018 оны үнэ, цэвэр ашгийн харьцаатай харьцуулсан үнэлгээнээсээ 10 дахин бага, 2019 оныхоос даруй 2 дахин бага байна. Иймд, хэдийгээр бид зээлийн үйл ажиллагаа явуулдаг боловч нөгөө талаас хувьцаат компани тул хувьцаа эзэмшигчдийнхээ хувьцааны үнэ цэнийг хамгаалах, хөрвөх чадвар муудсан үед нөөц хөрөнгө гарган хөрөнгийн эргэх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах нь зүйтэй хэмээн дүгнэн ийнхүү шийдвэр гаргалаа.

Компанийн зүгээс хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвхи буурч буй энэ үед хувьцааны худалдан авалтыг дэмжсэнээр хувьцааны хөрвөх чадвар нэмэгдэн, компанийн үнэлгээ хэт доогуур үнэлэгдэхээс сэргийлэх буюу хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн үнэ цэнийг хамгаалах ач холбогдолтой хэмээн үзэж байна.

Дэлхий даяар тархаж буй халдварт өвчин, хөл хориотой холбоотойгоор дотоодын худалдаа, үйлчилгээ хийгээд эдийн засгийн бусад салбаруудын эргэц удааширч, бэлэн мөнгөний хомсдол бий болж байгаа энэ мөчид бидний авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн энэхүү арга хэмжээ хувьцаа эзэмшигчдэд маань багахан ч болов хувь нэмэртэй байх болов уу хэмээн итгэж байна.

 

“ЛэндМН ББСБ” ХК


2020-12-24
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.