MMC Mongolian Mining Corporation-ы хувьцааны ханш 5 хоногийн дотор 181 хувиар өсжээ.


Хонконгийн хөрөнгийн биржид арилжаалагдаж буй MMC (Mongolian Mining Corporation: 975)-ийн ханш огцом өслөө. Энэ сарын 2-ны өдөр 0.505HKD байсан ханш тогтмол өссөөр 12 сарын 4-нд буюу баасан гарагт 0.810HKD хаагдсан юм. Харин энэ сарын 7-нд бирж нээгдэхэд ханш 1.420HKD болж өслөө.

Ингэснээр MMC-ийн ханш 5 хоногийн дотор 181 хувиар өслөө.

Ханш өссөн шалтгаан:

Уг өсөлтөд нөлөөлж болохуйц хүчин зүйлд үйл ажиллагаа явуулж буй зах зээлийн орчин томоохон нөлөөллийг үзүүлсэн байж болзошгүй. Боломжит хүчин зүйлсийг доор харууллаа.

Коксжих нүүрсний нийлүүлэлтийн хомсдол

1. БНХАУ-аас Австрали улсын коксжих нүүрсний импортод тавьсан хориг чангарсан. 2019 оны байдлаар Австрали улс БНХАУ-ын нийт коксжих нүүрсний импортын 41.5 хувийг хангаж байсан бол Монгол Улс 44.7 хувийг хангасан.

2. Монгол Улс өдөрт дунджаар 700-1000 гаруй автомашин нүүрс экпортолдог байсан бол коронавирусын тархалтын улмаас энэ тоо огцом буурч, 200 гаруй автомашин нүүрс тээвэрлэж байна.

Гангийн салбарын өсөлттөй холбоотой эрэлтийн огцом өсөлт

1. БНХАУ-ын гангийн салбарын PMI (Purchasing Managers Index) есдүгээр сард 43.9 хувьтай байсан бол хоёр сарын дотор 5.4 хувиар өсч, 11 сард 49.3 хувьд хүрсэн. Гангийн PMI индекс нь БНХАУ-ын гангийн салбарын нөхцөл байдлыг тодорхойлогч индекс бөгөөд өсөлт үзүүлж байгаа нь гангийн салбар, цаашлаад коксжих нүүрсний эрэлт өсөж байгааг илэрхийлж байна.

2. Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрөөр аж үйлдвэрийн салбараа дэмжсэнээр ган үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа эрчимжиж, зарим түүхий эдийн эрэлт нэмэгдсэн.

Дээрх суурь шалтгаануудаас хамаарч коксжих нүүрсний ханш огцом өссөн бөгөөд зах зээлийнхээ эрэлтийг хангаж чадахгүй байдалд хүрээд байна. Тиймээс томоохон коксжих нүүрс нийлүүлэгчдийн хувьцааны ханш өсөж байгаа гэсэн таамаглал гарч байна.

Мөн уг суурь шалтгаан дээрээс нэмээд 2020 оны нэгдүгээр сараас эхлэн БНХАУ, Монгол Улсын нүүрсний экспортод гаалийн хөнгөлөлт үзүүлж байгаатай холбоотойгоор ханшийн өсөлт үзүүлсэн байх боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: gogo.mn


2020-12-08
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.