БАНКУУДАД РЕПО АРИЛЖААГААР УРТ ХУГАЦААТАЙ САНХҮҮЖИЛТ ОЛГОЛОО


Монголбанкны  Мөнгөний бодлогын хороо 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 5 дугаар тогтоол, 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6 дугаар тогтоолоор уул уурхайн бус экспортын болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилт олгох зорилгоор 2 жилийн хугацаатай репо арилжааг зарлахаар шийдвэрлэсэн. Улмаар 2020 оны 4 дүгээр улиралд нийт 230 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Монголбанк 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эхний урт хугацаатай репо арилжааг зарлаж, банкуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан, Хас, Капитрон, Төрийн, Тээвэр хөгжил, Богд банкуудад олголоо.

Макро зохистой бодлогын хүрээнд уул уурхайн бус экспортын болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилт олгох зорилгоор хоёр жилийн хугацаатай репо арилжааг зарлахаар шийдвэрлэсэн. Энэ онд Төв банк энэ чиглэлд нийт 230 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох юм байна. Ингэснээр шалгуур хангаж буй аж ахуйн нэгжүүд зээлийн хүүг 10.5 хувиас хэтрэхгүй байхаар бууруулах, үндсэн төлбөрөөс зургаан сараас багагүй хугацаанд чөлөөлөгдөх боломжтой болжээ.

Мөн хатуу хөл хорионоос үүдсэн эдийн засгийн хүндрэлийг зөөллөхөөр Төв банк 11 дүгээр сарын 23-нд бодлогын хүүг хоёр нэгж хувиар бууруулж, зургаан хувиар буюу түүхэн доод түвшинд хүргэсэн.

Эх сурвалж: Монгол банк 


2020-12-03
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.